Олон сарын турш дэлхий нийтийн анхаарлыг татсан Аргентин улсын ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн хэт барууны үзэлтэй Хавьер Милей ялалт байгууллаа. Аргентин улсын одоогийн эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн, инфляцын өсөлтийн хувь гурван оронтой тоо руу орсон, ядуурал тэнгэрт тултал нэмэгдсэн энэ үед ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авч байгаа Хавьер Милей нь эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдлыг зөөлрүүлэх гол үүргийг хүлээж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
Аргентиний цагаар Ням гарагт болж өндөрлөсөн сонгуулийн ирц 97,6 хувьтай байснаас Хавьер Милей 55,8 хувийн саналаар ялалт байгуулж, түүнтэй өрсөлдсөн эдийн засгийн сайд Серхио Масса 44,2 хувийн саналаар ялагдал хүлээлээ. Хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү энэ тооноос илүү их байх боломжтой байсан гэж сонгуулийн хорооноос дүгнэсэн байна. Хавьер Милей нь анх нэр дэвшиж байгаагаа зарласан цагаасаа хойш Аргентиний ард түмний дунд маш их нэр хүндтэй байсан тул түүнийг ялсан гэх мэдээгээр нийслэл Буэнос Айресийн гудмаар баяраа тэмдэглэсэн хүмүүсийн урсгал хөвөрч байна гэж Аргентиний хэвлэлүүд мэдээлж байна.
Милейгийн өрсөлдөгч Серхио Масса түүнд баяр хүргэж, “Аргентин өөр замыг сонголоо. Маргаашаас эхэлж манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны эрэг шургыг шинэ ерөнхийлөгч хариуцаж явах боллоо. Түүнийг хариуцна гэж найдаж байна” гэж албан мэдэгдэлдээ дурдсан байна. Хавьер Милей нь улс төрийн үзэл баримтлалаараа АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамптай адилхан гэж харьцуулагддаг. Хавьер Милей ерөнхийлөгч болсноор Аргентин улс барууны жигүүрийн удирдлага дор орж, мөн улс төрийн хувьд туршлага багатай цоо шинэ хүн хууль тогтоох эрх мэдэлд шилжиж байна гэж улс төр судлаачид дүгнэж байна.
Хавьер Милей нь улс төрд орохоосоо өмнө телевизийн хөтлөгч хүн байсан юм. Милей ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа үеэр улсын төсвөөс танана, 140 хувь хүртэл хөөргөдсөн инфляцыг хөшүүрэгдэн гэж амлаж байсан. Харин түүний өрсөлдөгч хүчин түүний амласан зүйлс улсын эдийн засагт өргөн зургаараа маш сөрөг нөлөөтэй гэж эсэргүүцэж байсан. Сонгогчид 140 хүрсэн инфляцын хөөргөдөлтэй эдийн засгийн хүнд нөхцөлтэйгөө үлдэх, эсвэл эдийн засгийн эргэлтэд орж, шинэ хүний удирдлагад орох гэсэн хоёр хэцүү сонголтоос Милейг сонголоо гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна. Зарим шинжээчид Милей сонгуульд ялсан нь Милейгийн онцлог өвөрмөц зан байдал, туршлагаас шалтгаалсан биш, ард түмэнд өөрчлөлт ус агаар мэт үгүйлэгдэж байсан учраас ийм үр дүн гарлаа гэж дүгнэж байна. Тиймдээ ч сонгуулийн ирц 90 хувийг давсан нэн өндөр үзүүлэлт байлаа гэж мөн дурдаж байна. Эрх баригч намаас нэр дэвшсэн Масса сонгуульт ажлынхаа үеэр Милейгийн бодлого бол эрүүл мэнд, боловсрол, халамжийн салбарын төсвөөс танаж, эдгээр яамдын үйл ажиллагааг багасгах бодлого баримталж, ард түмний хамгийн их түшиж тулдаг салбаруудыг хөсөр хаяна гэж анхааруулж байсан.
Мөн Милей анх сонгуульд нэр дэвших үедээ олон нийтийн өмнө цахилгаан хөрөө барьж гарч ирэх зэргээр этгээд үйлдлүүд гаргаж байсныг нь гайхаж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин Милейгийн зүгээс Массаг ард иргэдийн айдас дээр тоглолт хийж, сонгуульд ялахыг оролдож байна гэж шүүмжилж байжээ. Мөн анх галт зэвсгийн хуулийг сулруулна гэж амлаж байснаасаа буцаж, мөрийн хөтөлбөрөө арай төвийг сахисан болгосон. Хамгийн сүүлийн үеийн компанит ажлынхаа үеэр Милей боловсрол болон эрүүл мэндийн салбарыг хувьчилна гэж мэдэгдсэн юм.
Аргентин улсын ерөнхийлөгчийн сонгуульд популист улстөрч Хавьер Милей ялалт байгуулжээ | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.