
Өнгөрөгч Ням гарагт Япон улсын батлан хамгаалах хүч Зүүн тэнгист Хятадаас ирэх болзошгүй аюулд өртөх өндөр магадлалтай арал дээр цэргийн сургуулилалт хийхээр газардлаа. Токиогоос баруун өмнөд нутагт орших Токүношима арал дээр очихдоо газар уснаа явагч хуягт танк ашигласан нь онцлог байлаа. Нийт 11 хоног үргэлжлэх энэ сургуулилалт нь бүс нутагт өргөжин тэлж байгаа Хятад, Орос, Умард Солонгос зэрэг улсуудын цэргийн нөлөөллийн эсрэг Япон улс газар, ус, агаарт аль алинд нь аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн гэдгийг харуулах зорилготой гэж албанынхан мэдээлж байна.
Энэ удаагийн сургуулилалтыг Япон даяар 05JX гэж нэрлэж байгаа. Бүс нутагт хаанаас ч гэнэтийн довтолгоо ирсэн бай нэгдсэн байдлаар нэн даруй хариу үзүүлэх Японы чадавхыг харуулахаар энэ сургуулилалтыг эхлүүлж байгаа гэж сургуулилалтыг удирдан явуулж байгаа Японы батлан хамгаалах нэгдсэн хүчний дарга, генерал Ёшихидэ Ёшида мэдэгдсэн юм. Хятадын талаас одоохондоо Японы энэ үйл ажиллагаа дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Японы хэрэглэж байгаа техник хэрэгслийн хувьд тэнгисийн цэргийн хоёр том батлан хамгаалах хүчний онгоцонд тэдгээр газар уснаа явагч танкийг ачиж ирсэн байна. Цэргийн сургуулилалт хийхээр Токүношима арлыг сонгож авсан шалтгаан нь нэгдүгээрт Хятадын болзошгүй аюулт өртөх өндөр магадлалтай, хоёрдугаарт, Японы баруун урд зүгээс Тайваны арал хүртэл сунаж тогтсон арлууд дундаас эргээ дагасан шүрэн хадгүй гэдэг утгаараа цэргийн сургуулилалт хийхэд арай хүндрэл багатай гэж энэ арлыг сонгосон байна. Ерөнхийдөө Японы цэргийн сургуулилалтын тоо, хамрах хэмжээ ирээдүйд улам нэмэгдэх хандлагатай байна гэж олон улсын цэргийн шинжээчид харж байна. Ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн оны 12-р сард Япон улс Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа маш том цэрэг батлан хамгаалахын хүчтэй болсон, ойрын таван жилдээ цэргийн сургуулилалт тогтмол явуулах нөөцтэй болсон гэсэн мэдээллийг олон нийтэд ил болгож байсан. Түүнчлэн дэлхийд хамгийн том батлан хамгаалах салбарын хүчтэй АНУ-тай хоёр талт болон гурван талт цэргийн сургуулилалтууд явуулахаар хэлэлцсэн зэрэг нь Японы батлан хамгаалах салбар өргөжин тэлж байгааг харуулж байна. Ерөнхий сайд Кишида Фүмио өмнө нь Хятад улс ОХУ Украин руу дайрснаас сэдэл авч, Тайвань руу дайрах юм бол Зүүн Ази дараагийн том дайны талбар болох болно гэж анхааруулж байсан. Тиймээс нөхцөл байдалд бэлтгэлтэй байхын тулд холын зайн баллистик пуужин зэрэг зэвсэглэлд хөрөнгө оруулах, зэр зэвсгийн байнгын нөөцтэй байхын тулд 44 их наяд иен буюу 290 тэрбум америк долларыг төсөвлөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Гэхдээ энэ онд иений доллартой харьцах ханш нэлээд суларсан тул эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан АНУ-аас худалдаж авах байсан зарим зэвсэглэлээ хойшлуулсан гэх мэдээлэл байна.
Япон улс болзошгүй аюулд бэлтгэх цэргийн сургуулилалт хийж байна | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.