
Хятадын Ардын банк Саудын Арабын төв банктай 50 тэрбум юань буюу 26 тэрбум риал, ам.доллароор бол 7 тэрбумтай тэнцэх валют солилцох тухай гэрээг өчигдөр байгуулсан байна. Дэлхийн газрын тосны хамгийн гол экспортлогч Саудын Араб, дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч Хятад улсууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтаа үндэсний мөнгөн тэмдэгт юань, риалаар хийх боломжтой болж байна. Своп хэлцэл нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг сунгах нөхцөлтэйгөөр байгуулсан байна.
Бээжин, Эр Риядын хооронд байгуулсан своп хэлцэл хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааг тэлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээг өсгөн, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Хятадын Ардын банкны мэдэгдэлд онцолсон байна. Своп хэлцэл хийснээр Хятад, Саудын аль алинд бусад улсын мөнгөн тэмдэгтийг ашиглахад валютын эрсдэл буурна. Жишээ нь Саудын Арабын нэг компани своп хэлцэл хийхээс өмнө худалдаа хийж байсан ам.долларын оронд юаниар санхүүжилт хийхийг илүүд үзэж магадгүй. Энэ нь эргээд Саудын Арабын эдийн засаг дахь Хятадын байр суурийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Мөн булангийн Хаант улс эдийн засгаа газрын тосноос хамааралтай байдлыг арилгахын тулд алсын хараа 2030 хөтөлбөртөө Хятадаас хөрөнгө оруулалт татахад дэмжлэг болно гэж эдийн засагчид үзэж байна.
Хятадын хувьд энэ гэрээ 2018 оноос хойш газрын тосны төлбөрийн гүйлгээг өөрийн мөнгөн тэмдэгтээр хийхийг зорьж байгаа хүчин чармайлтад нь томоохон түлхэц өгөх ач холбогдолтой. Хятад, Саудын Арабын Хаант улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчим хүчний харилцаанаас давж, аюулгүй байдал, технологи зэрэг стратегийн салбаруудад хамтын ажиллагаагаа тэлж байна.
Өнгөрсөн оны байдлаар Хятад улс Саудын Арабаас 65 тэрбум ам.доллароор газрын тос худалдан авсан бол Хаант улсын нийт экспортын 83 хувь нь Хятадын зах зээлд гарсан байна. 2022 онд Хятад улс 508 сая тонн түүхий газрын тос импортлон авснаас эхний 10 улс нь Арабын орнууд тэр дундаа Саудын Араб тэргүүлэх байр суурь эзэлсэн. Хятадын ардын банк өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ төрлийн 30 гэрээнд гарын үсэг зуржээ. Ойрх Дорнод Хойд Африкт л гэхэд Хятадын Ардын банк Арабын Нэгдсэн Эмират, Катар, Египет улсуудтай энэ төрлийн гэрээг байгуулжээ.
БНХАУ болон Саудын Араб долоон тэрбум ам.долларын дүнтэй валют солилцох гэрээ байгууллаа | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.