
Өнгөрсөн ням гарагт Йемений зэвсэгт Хусит бүлэглэл Улаан тэнгисийн өмнөд бүсэд Израилын ачааны хөлөг онгоцыг, хөлгийн багийн 25 хүний хамт барьцаалсан гэдгээ мэдэгдсэн ч Израил уг хөлөг онгоцны эзэмшигч биш, хөлгийн багийн бүрэлдэхүүнд Израилын иргэн байхгүйг мэдэгдсэн. Түүнчлэн энэ хэргийг Хуситууд Ираны зааварчилгааны дагуу зохион байгуулсан гэж Израил Техераныг буруутгасан юм. Үүний хариуд Иран улс Йемений Хусит бүлэглэлийн Улаан Тэнгист ачааны хөлөг онгоц барьцаалсан хэрэгт оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Ираны гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч “Бүс нутгийн зэвсэгт бүлэглэл өөрийн улс, үндэстнийхээ нэрийн өмнөөс л үйл ажиллагаа явуулж байна, тэд улс үндэстнийхээ ашиг сонирхолд тулгуурлан шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг” гэж өөрийн оролцоогүйг тайлбарласан байна.
Мөн Израилын Газын зурвас дахь дайн сунжирвал зэвсэгт тэмцэл бүс нутагт халих эрсдэлтэйг ч Ираны засгийн газар дахин анхааруулжээ. Энэ үеэр Хусит бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Израилтай холбогдуулан хөлөг онгоц барьцаалсан, Израил Газын Зурвас дахь түрэмгийллээ зогсоохоос нааш олон улсын далай тэнгист хөлөг онгоц барьцаалах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Барьцаанд байгаа хөлгийн багийн гишүүдтэй Исламын шашны үнэт зүйлсийн дагуу харьцаж байгаа гэж мэдэгдсэн байна. Израилын ерөнхий сайдын ажлын албаны мэдээллээр Хуситуудын барьцаалсан хөлөг нь Британийн эзэмшлийн, Японы оператор компанийн түрээсэлдэг Галакси Лидер ачааны хөлөг онгоц юм байна.
Гэвч нийтийн тээврийн нэгдсэн сангийн мэдээллээр Хөлгийг эзэмшигчид Израилын хамгийн баян хүн гэгддэг Абрахам Рамигийн байгуулсан Рэй Кар Карриерс компанитай хамтран ажилладаг юм байна. Японы оператор компанийн мэдээлснээр тус хөлгийг барьцаалах үед хөлөг онгоцонд ачаа бараа байгаагүй, хөлгийн багт Филиппин, Болгар, Румын, Украин, Мексикийн иргэд байгаа аж. Израилын засгийн газар хөлөг онгоц барьцаалсан нь Ираны террор ажиллагаа, энэ бол дэлхийд муу үр дагавартай ноцтой хэрэг гэж мэдэгджээ. Хусит бүлэглэл нь 2014 онд Йеменд иргэний дайн эхэлснээс хойш стратегийн ач холбогдол бүхий Улаан тэнгисийн боомт хот Ходейда зэрэг Йемений хойд нутгийн ихэнх хэсгийг хянаж байна. Хуситуудын энэ үйлдэл Израил Хамасын дайны нөлөөгөөр Бүс нутгийн хурцадмал байдал далай тэнгисийн шинэ фронт дээр өргөжих вий гэж олон улсын түвшинд болгоомжилж байна.
Иран улс Йемений Хуситуудын хөлөг онгоц барьцаалсан хэрэгт оролцоогүй гэдгээ мэдэгдэв | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.