
АНУ-ын батлан хамгаалахын сайд Украинд гэнэтийн айлчлал хийлээ. Айлчлалын зорилго Израил-Хамасын дайнаас үүдэлтэй шинэ эрсдэлүүд АНУ болон олон улсын хүч нөөцийг сорьж байгаа энэ үед Вашингтон Украин руу мөнгө, зэвсгийн урсгалаа зогсоохгүй, хэвээр хадгалж байгааг харуулахад чиглэсэн байна. АНУ нөөцөөсөө агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан их буу, сум, Хөдөлгөөнт артилерын пуужингийн систем буюу Хаймарс зэрэг 100 сая ам.долларын зэвсэг нэмэлт тусламжийг Украинд илгээхээр болсныг Пентагоны тэргүүн мэдэгдлээ.
АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин Польш улсаас Украинд галт тэргээр очсон байна. Тэрээр Украины ерөнхийлөгч болон армийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийж, АНУ-ын цэргийн нэмэлт тусламжийг зарлалаа. Украины Оросын зэвсэгт хүчнийг ялах хүчин чармайлт бол дэлхий нийтэд чухал, АНУ-ын дэмжлэг урт хугацаанд үргэлжилнэ гэдгийг Пентагоны тэргүүн онцоллоо. Энэ бол Остины хувьд Киевд хийсэн хоёр дахь айлчлал боловч түүний айлчлал хоёр өөр нөхцөл байдалд болж байна. Түүний анхны айлчлал 2022 оны 4-р сард буюу Оросын цэрэг Украинд орсноос хоёрхон сарын дараа болсон. Тухайн үед Украин Оросын армитай ид тулалдаж, олон улс ч Украины дайнд ид анхаарч байсан. Остин ч Украиныг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийг бүрдүүлж, Украиныг ямар зэвсэг, сургалтаар дэмжих вэ, юугаар туслах вэ гэдгээ тогтмол хэлэлцдэг 50 орны бүрэлдэхүүнтэй уулздаг болсон байна.
Одоо Украины арми хоёр дахь өвлөө дайны талбарт тулалдахад АНУ болоод бусад улсын дэмжлэг нэн чухал байгаа үед Остин Украинд айлчилж, зэвсгийн нэмэлт тусламж амласанд Украины ерөнхийлөгч Зеленский талархлаа илэрхийлж, Остины айлчлал Украины хувьд маш чухал дохио, бид АНУ-ын дэмжлэгт найдаж байгаа гэж мэдэгдсэн байна. АНУ-ын сайд Ллойд Остины айлчлал Украины хөрш Польш улсад үргэлжилж байна.
АНУ Украинд 100 сая ам.долларын зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэхээр амлав | ||
Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.