Шууд Chart

ИБУИНХУ-ын хаан III Чарльз БНСУ-ын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2023-11-23 09:20:40

БНСУ-ын ерөнхийлөгч Юүн Сог Ёл Их Британи улсад хийх гурван өдрийн айлчлал Мягмар гарагт эхлүүллээ. Түүнийг Өмнөд Солонгосын тэргүүн хатагтайн хамтаар хүрэлцэн ирэхэд Их Британийн эзэн хаан Чарльз хүлээн авч уулзан, Букингемийн ордонд ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Юүн Сог Ёл энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Их Британийн ерөнхий сайд Риши Сунактай уулзаж, хоёр улс батлан хамгаалах, технологи, хиймэл оюун ухааны салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Ерөнхийлөгч Юүн Сог Ёл, тэргүүн хатагтай Ким Кон Хи нарыг хүлээн авах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд эзэн хаан Чарльзаас гадна хатан Камила, Уэльсийн хунтайж, гүнж хоёр, мөн ерөнхий сайд Риши Сунак оролцлоо. Эзэн хаан Чарльз ёслол хүндэтгэлийн зоогийн үеэр үг хэлэхдээ Өмнөд Солонгосыг олон улсын анхаарлыг татахуйц гайхалтай соёл уламжлалтай орон хэмээн биширч явдгаа дурдсан байна. Хоёр орны харилцаа улам бүр нэмэгдэж байгааг энэ ёслол хүндэтгэлийн ажиллагаа харуулж байна гэж ажиглагчид дүгнэсэн байна. Энэ ёслол хүндэтгэлийн ажиллагаанд мөн Өмнөд Солонгосын поп урсгалын шилдэг төлөөлөл болох БлакПинк охидын хамтлаг оролцсон нь нэгэн онцлог хэсэг байлаа. Ёслолын ажиллагааны дараа Хаан Чарльз, хатан Камила нар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нартай тусгайлан хувийн өдрийн зоог барьсан байна. Дараа нь Британийн эзэн хааны цуглуулгад байдаг Өмнөд Солонгостой холбоотой эд өлгийн зүйлстэй танилцах үйл ажиллагаа боллоо. Айлчлалын эхний хоногт хоёр орны соёлын харилцааг харуулсан чухал үйл явдлууд болж өнгөрсөн бол айлчлалын дараа дараачийн өдрүүдэд улс төрийн яриа хэлэлцээ явагдана.

Их Британи улс энэ онд “Хиймэл оюуны олон улсын анхдугаар чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан. Ирэх онд БНСУ энэ чуулганыг зохион байгуулах үүргийг хүлээн авч байгаа. Тиймдээ ч энэ салбарт хоёр орны харилцааг бэхжүүлэхийн тулд Их Британи Улс Өмнөд Солонгост хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх хөрөнгө оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Өмнөд Солонгосын Самсон брэнд дэлхийд БНХАУ-тай өрсөлдөхүйц хагас дамжуулагч үйлдвэрлэж нийлүүлэх сонирхолтой байдаг. Хоёр улс мөн батлан хамгаалах салбарт Умард Солонгосын болзошгүй аюулаас сэргийлэх хамтарсан цэргийн сургуулилалт явуулах тал дээр хэлэлцэж магадгүй гэж ажиглагчид харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-ын хаан III Чарльз БНСУ-ын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй