
ОХУ-ын тусгай үүргийн элчин сайд Родион Мирошник Мягмар гарагт Оросын төв телевизээр ОХУ Украины одоогийн дэглэмтэй зэрэгцэн орших боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Ингэснээр ерөнхийлөгч Владимир Путины Украин руу чиглэсэн бодлогыг баталгаажуулж, Украиныг цэрэггүй бүс болгох ажиллагааг нь зөвтгөсөн мэдэгдэл боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Тэрбээр одоогийн Украины засгийн газрыг туйлширсан засгийн газар гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мирошник нь Украины цэргийн хүч энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг нотлох баримт цуглуулахаар томилогдсон Оросын тусгай үүргийн элчин сайд юм. Тэрээр Украины зүүн хилийн орчимд байгуулагдсан салан тусгаарлагч Луганскийн Бүгд Найрамдах засгийн газрын албан тушаалтан байсан. Тус мужид байхдаа Украины талыг Луганскийн энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж буруутгаж байсан хүн юм. Украины зүгээс энэ буруутгалын хариуд Москваг Украины энгийн ард иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгадаг. Москва үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс Украины тал Москваг илчлэхээр өөрсдөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэж зарлаж байсан. Мирошник мөн ОХУ Украин руу чиглэсэн бодлогоо хэрэгжүүлж дуусах хүртлээ Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-г эсэргүүцсээр байх болно гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Харин Киевийн зүгээс Украины газар нутаг дээрээс Оросын бүх цэргийн хүчийг гаргатлаа тулалдсаар байх болно гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Украиныг тууштай дэмжигч АНУ-ын зүгээс өнгөрсөн Даваа гарагт Киевт 100 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Үүнд нь танк, пуужин, агаарын дайралт эсэргүүцэгч зэрэг багтаж байгаа юм байна. Тэгвэл ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд энэ тусламж бол Украины засгийн газрыг тайвшруулах гэсэн арга хэмжээ байлаа гэж дүгнэсэн байна. Орос-Украины дайны сүүлийн үеийн төлөв байдлыг харвал, Украины тал өнгөрсөн Ням гарагт өмнөд хил дагуух Днепр мөрний зүүн эрэгт гарч чадсан гэж мэдээлсэн ч Москвагийн зүгээс үүнийг үгүйсгэж, Днепр мөрний зүүн эрэгт гарах гэсэн Украины оролдлогыг таслан зогсоож, ихээхэн хохирол амсуулж чадлаа гэж Мягмар гарагт мэдэгдсэн байна.
ОХУ: Украины одоогийн дэглэмтэй зэрэгцэн орших боломжгүй | ||
Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.