Шууд Chart

Газа: Барьцаанд байгаа 50 иргэнийг суллах хэлэлцээр байгууллаа

2023-11-23 13:10:13

Израилын засгийн газар зэвсэгт Хамас бүлгийн удирдлагатай тохиролцож, барьцаанд байгаа 240 гаруй иргэнээс 50-ийг нь суллах хэлэлцээр байгуулах саналыг дэмжлээ гэж мэдэгдлээ. Талууд ингэж тохиролцоонд хүрснээр ойрын дөрөв хоногтоо багтааж заасан тооны иргэдийг барьцаанаас суллах юм байна. Цаашдаа Израилын тал довтолгоогоо зогсоох хугацаагаа нэмэгдүүлсээр байвал өдөрт 10 иргэн нэмж суллана гэж тохиролцоонд дурдсан байгаа юм байна. Хамасын талаас мөн энэ хэлэлцээр дээр үндэслэж Израилын нутаг дэвсгэр дээр хоригдож байгаа 150 Палестин иргэнийг суллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хэлэлцээрийн дагуу ирэх дөрвөн хоногт орон нутгийн цагаар өдрийн 10:00-16:00 цагийн хооронд 6 цагийн турш Израилын тал агаарын довтолгоогоо зогсооно. Хариуд нь Хамасын барьцаанд байгаа хүүхэд эмэгтэйчүүдээс бүрдсэн 50 иргэнийг эхний ээлжид суллана гэж тохирсон байна.

Биньямин Нетаньяху Израил улсын ерөнхий сайд “Өнөөдөр Израил улсын засгийн газар барьцаанд байгаа иргэдийг суллуулах хэлэлцээр байгуулах чухал шийдвэрт хүрч чадлаа. Хэлэлцээрийн дагуу бид цаашид бүх барьцааны иргэдийг суллуулахын төлөө ажиллах болно. Израилын батлан хамгаалах арми Газын зурваст Израилын аюулгүй байдалд халдах заналхийллийг дахин гаргуулахгүйн төлөө мөн бүх хүчин чармайлтаа харуулах болно” гэж ярилаа.



Талууд түр гал зогсоох, барьцааны иргэдийг суллах хэлэлцээр хийж байгаа нь цаашид гал зогсоох хугацааг уртасгаж, нөхцөл байдал дээрдэх нааштай дэвшил болж байна гэж ажиглагчид харж байна. Сар хагасын хугацаанд үргэлжилж байгаа дайны хөлд одоогийн байдлаар 14 мянга гаруй энгийн иргэн үрэгдсэн гэсэн мэдээлэл байна. Иймд Израилын зорилго бол аль болох бүх барьцааны иргэнийг суллуулж, энгийн иргэд хохирох хэмжээг багасгах, зэвсэгт “Хамас” бүлгийг ор үндэсгүй устгах юм гэж мэдэгдсээр байна. Дайтагч талууд хэлэлцээрт хүрэхэд Катар улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Катарын хувь нэмрээс гадна АНУ хоёр тал тохиролцоонд хүрэхэд чухал үүрэгтэй оролцлоо, ерөнхийлөгч Жое Байденд талархаж байна гэж ерөнхий сайд Биньямин Нетаньяху албан мэдэгдэлдээ дурдсан байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газа: Барьцаанд байгаа 50 иргэнийг суллах хэлэлцээр байгууллаа  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй