Шууд Chart

БНАСАУ: Цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн

2023-11-23 13:20:38

Энэ оны эхээр Умард Солонгос улс хоёр ч удаа сансарт цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн ч амжилтгүй болсон. Тэгвэл арваннэгдүгээр сарын 21-ний шөнө дахин нэг удаа хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай боллоо гэж Умард Солонгосын зүгээс мэдээллээ. Гэхдээ энэ удаагийн хөөргөлт амжилттай болсон гэх мэдээллийг Умардаас өөр улс хараахан баталгаажуулах боломжгүй байна гэж ажиглагчид харж байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Умард Солонгос хиймэл дагуул амжилттай хөөргөсөн байлаа ч цэргийн судалгаа хийх хэмжээний хангалттай чадавхтай байж чадах эсэх нь мөн л эргэлзээтэй гэж үзэж байгаа юм байна.

Умард Солонгос нь АНУ болон түүний холбоотон орнуудтай харилцаа хурцадмал байгаа энэ үед сансарт хяналтын системтэй болохоор маш их эрмэлзэж байгаа. Харин АНУ болон түүний холбоотон улсууд Умардыг хиймэл дагуул хөөргөхийг ямагт хурцаар шүүмжилдэг. Мөн Умардыг цэргийн тагнуулын хиймэл дагуул хөгжүүлэх нэрийн дор тив алгасагч баллистик пуужингийн технологи хөгжүүлж байна гэж буруутгаж, хиймэл дагуулын систем хөгжүүлэхгүй байхыг НҮБ-аас хориглож байсан. Олон улсаас ирэх эдгээр шүүмжлэл хоригийг үл харгалзан Умард Солонгос улс Мягмар гарагийн шөнө Чоллима-1 гэх пуужингаар Маллигён-1 нэртэй хиймэл дагуулыг хөөргөсөн нь 12 минутын дараа дэлхийн тойрог замд амжилттай орлоо гэж үүрээр мэдэгдсэн байна. Умард Солонгосын Үндэсний сансрын технологийн удирдлагын газраас энэ хөөргөлтөө Умард Солонгос улсын аюулгүй байдлаа хамгаалах чадавхаа дээшлүүлэх хууль ёсны ажиллагаа мөн гэж тайлбарласан байна.

Мөн дайсагнагч улс орнуудын болзошгүй аюулаас хамгаалах, дайны бэлэн байдлыг нь харуулах нэг жишээ боллоо гэж дурдсан байна. Чоллима-1 пуужинг хөөргөх үйл явцыг удирдагч Ким Жон Ун газар дээр нь үзэж, баяр хүргэсэн байна. Цаашдаа Өмнөд Солонгос болон бусад нутгийг ажиглах цэргийн тагнуулын хиймэл дагуул хэд хэдийг дахин хөөргөнө гэж мөн мэдэгдсэн байна. Хиймэл дагуул хөөрсний дараа АНУ-ын зүгээс Умардыг бүс нутаг болон тив дэлхийн хэмжээнд аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж шүүмжиллээ.

Харин Өмнөд Солонгосын талаас Умардын энэ удаагийн үйлдэл тэдний 2018 онд байгуулсан “Солонгосын хойгт аюулгүй байдлын түгшүүрт байдлыг бууруулах гэрээ”-г зөрчиж байна гэж үзэж, гэрээг хэсэгчлэн түдгэлзүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио Умард Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь хүн төрөлхтний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж буруутгаж, тууштай эсэргүүцнэ гэж мэдэгдлээ. Өмнөд Солонгос болон Японы агентлагуудын мэдээлж байгаагаар хиймэл дагуул ачсан пуужин Солонгосын хойгийн баруун эргээс хөөрч, зүүн тийш Японы Окинава арлын дээгүүр нисэн, Номхон далайг чиглэж байсан гэж мэдээлсэн байна. Пуужин хөөрөх мөчид Япон улс J-Alert буюу пуужингийн дохиоллыг Окинава арал дээр дуугаргаж, ард иргэдийг нэн даруй нуувчинд орохыг анхааруулсан байна.

Умардын талын өмнө нь мэдээлж байснаар бол гурав дахь удаагийн хиймэл дагуул хөөргөх оролдлогоо 10-р сард хийх байсан ч хойшлуулсан шалтгаан нь ОХУ-аас цэргийн тагнуулын хиймэл дагуулын технологийн тусламж авсан тул хөөргөх өдрөө хойшлуулсан гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ: Цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн   
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй