Шууд Chart

Нидерланд улсын парламентын сонгуульд хэт барууны үзэл баримтлалтай нам олонх болов

2023-11-23 16:22:55

Нидерланд улсын парламентын сонгууль Лхагва гарагт болж, үр дүн нь гарлаа. Нийт 150 гишүүний бүрэлдэхүүнтэй Нидерландын парламентад хэт барууны үзэл баримтлалтай “Эрх чөлөөний нам” 35 суудал авч олонх боллоо. Европын Холбооны тав дахь том эдийн засагтай Нидерланд улсын төлөөлөгчдийн танхим барууны жигүүр лүү хэлбийж эхэлсэн нь Европын Холбооны хувьд цочирдом мэдээ боллоо гэж улс төрийн ажиглагчид үзэж байна. Эрх чөлөөний намаас 9 суудлаар удаалсан зүүн жигүүрийн ажилчны “Ногоон нам”-ын дарга сонгуулийн үр дүнг сонсоод “Нидерландын ардчиллыг хамгаалах цаг нь болжээ” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Нидерландын эрх чөлөөний намын дарга Герт Вилдерс нь хэт барууны улс төрийн үзэл баримтлалтай улс төрч гэдгээрээ АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамптай харьцуулагддаг. Сүүлийн нэгээс хоёр жилд дэлхийн улс орнуудын сонгуулийн үр дүнг ажиглах юм бол хэт барууны, төв барууны консерватив үзэл баримтлалтай талууд ялалт байгуулах нь нэмэгдсэн. Дэлхий дахинд консерватив үзэл баримтлал давамгайлах шинжтэй байна гэж олон улсын ажиглагчид үзэх болсон байна.

Герт Вилдерсийн Эрх чөлөөний нам гэхэд мөрийн хөтөлбөртөө цагаачлалыг хязгаарлах хатуу бодлого баримтална гэж тусгаж өгсөн. Нэн тэргүүнд хэлэлцүүлэх санал нь хилийн чангатгах бодлого баримталж, хууль бус цагаачлалтай тэмцэнэ гэсэн нь Нидерландын иргэдийн саналыг олж авах гол түлхэц болсон гэж тайлбарлаж байна. Вилдерс Европын Холбооны нутаг дэвсгэр дээрх цагаачлалын асуудлыг орогнол хүсэгчдийн “цунами” гэж нэрлэж, энэ цунамитай тэмцэнэ гэж мэдэгдсэн байна. Нэн ялангуяа исламын орнуудаас их хэмжээгээр орж ирж буй цагаачлалыг зогсооно, барууны орнууд дахь исламын нөлөөг багасгана гэж ил тод илэрхийлдэг. Гэхдээ яг сонгуулийн үеэр энэ үзэл баримтлалаа арай зөөлрүүлж сурталчилж байсан байна. Парламентад ялсныхаа дараа тэрээр ерөнхий сайд болох юм бол ард иргэдээ шашин шүтлэг, нийгмийн гарал, нас хүйсээр нь ялгадаггүй, ард түмний ерөнхий сайд болохын төлөө хичээж ажиллана гэж сурталчилж байсан. Мөн “Нидерланд нэгт” гэх гадаад бодлогыг баримталж, Европын Холбооноос гарах Брекситийн ээлжит хувилбар болох Некситийг хэрэгжүүлж магадгүй гэж улс төрийн ажиглагчид харж байна. Тэрээр урьд нь 2016 онд Нидерландад оршин суудаг Марокко гаралтай иргэдийн эсрэг алагчлах үзэл гаргасан, Коран судрыг Гитлерийн Мейн Кампф номтой адилтгаж, энэ хоёр номыг хоёуланг нь хориглох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан хүн юм. Үүнийхээ хариуд тэрээр үндэстэн дамнасан олон заналхийлэлтэй тулгарч, 2004 оноос хойш ямагт цагдаагийн хамгаалалтад байдаг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нидерланд улсын парламентын сонгуульд хэт барууны үзэл баримтлалтай нам олонх болов  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй