Шууд Chart

НҮБ: Украины үр тарианы нөөц дотоодын болон гадны эрэлтийг гүйцэхгүй байх эрсдэлтэй

2023-11-23 16:36:32

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Украины үр тариаг хадгалдаг Хар тэнгисийн боомтууд довтолгоонд өртөж, хангамж нийлүүлж чадахгүй гацсаар байвал ирэх онд Украины үр тариа дотоодын болон гадны эрэлтийг гүйцэхгүй байх эрсдэлтэй гэж анхааруулсан байна. Өнгөрсөн 7-р сараас хойш Украины үр тарианы үйлдвэрлэл, экспорт явуулах байгууламжууд руу 31 удаагийн гадны довтолгоо ирсэн гэсэн мэдээллийг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Украин дахь зохицуулагч мэдээлсэн байна. Украины үр тариа нь дэлхийн олон орны хүнсний хэрэгцээг хангадаг томоохон эх үүсвэр юм.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Украин дахь зохицуулагчийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гаргасан тайланд дурдсанаар Украины Хар тэнгис дэх үр тарианы боомтууд руу ирсэн 31 гадны дайралтын 28 нь Одесса боомт руу ирсэн байна. Одесса боомт хот нь Хар тэнгис болон Дунай мөрний ай савыг дэлхийн худалдааны замтай холбодог гол боомт хот юм. Цаашдаа энэ боомт хот руу ирэх дайралтууд үргэлжилсээр байвал дэлхийн хөдөө аж ахуйн салбарт маш их хор хохирол учруулна гэж Украин дахь зохицуулагч анхааруулсан байна. ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандаж, Москва зөвхөн цэргийн байгууламжууд руу тактиктай довтолгоо хийж байгаа, иргэд болон аж ахуйн барилга байгууламжуудыг байгаа болгоогүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Украины үр тариаг хадгалдаг боомтууд Оросын дайралтад өртсөнөөр дэлхий дахин хүнсний аюулгүй байдлын томоохон асуудалтай нүүр тулж байна гэж НҮБ-аас шүүмжилж байсан. Орос-Украины дайн дан ганц Украины үр тарианд нөлөөлж байгаа юм биш. ОХУ ч мөн дэлхийн хөдөө аж ахуйн салбарын томоохон үйлдвэрлэгч орон. Мөн тариалангийн бордоо нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч дайны улмаас бордоо нийлүүлэлт ч сааталд орсон байна.

Украины үр тариаг Африкийн орнууд руу голчилж нийлүүлдэг. Украины үр тарианы экспорт зогсонги байдалд орсон энэ үед ОХУ Африкийн зургаан улсад 200 мянган тонн үр тариа ачсан усан онгоц явуулж эхэлсэн гэж өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын хөдөө аж ахуйн сайд мэдэгдсэн.

Украин улс дайнаас өмнө дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн 9 хувийг, эрдэнэ шишийн 15 хувийг, наран цэцгийн тосны 44 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Украины үр тарианы нөөц дотоодын болон гадны эрэлтийг гүйцэхгүй байх эрсдэлтэй  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй