
Нэлээд урт хугацааны шаргуу яриа хэлэлцээний эцэст, мөн 24 цаг хойшилсны дараа Израил-Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээр үйлчилж эхэллээ.
Бүтэн 48 хоногийн дараа ийнхүү Газын зурваст буудалт, бөмбөгдөлтийн чимээ хэсэг зуур боловч намжиж байна.
Одоо тохиролцооны дагуу, барьцааны хүмүүсээс эхний ээлжийн 13 хүнийг орон нутгийн цагаараа 16 цагаас буюу манайхаар өнгөрсөн шөнө суллахаар тохирсон.
Хариуд нь Израилын шоронгуудаас Палестины хоригдол хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах хэлцэл хэрхэн хэрэгжихийг олон улсад анхааралтай ажиглаж байна.
Орон нутгийн цагаараа пүрэв гарагийн өглөөний 07 цагаас энэ гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн байна.
Энэ дэглэмийн хүрээнд Израилын агаарын хүчин дөрвөн өдөр 10-16 цагийн хооронд зургаан цагийн турш Газын зурвасын өмнөд бүсэд ажиллагаагаа зогсоож, харин хойд талын Газа хот орчимд нислэг үйлдэхгүй байх тохироотой байна.
48 хоногийн турш тасралтгүй бөмбөгдөлтийн нөхцөлд байсан палестинчууд энх амгалан цаг хормуудыг баярлан угтаж, гадуур хөл хөдөлгөөн ч ихсэж, зарим нь гэр орноо бүрэн бүтэн байгаа эсэхийг үзэж, бас бус хэрэгцээтэй эд зүйлээ авахаар гэрүүдээ явж байгаа юм байна.
Харин Израилын эрх баригчдын зүгээс гал зогсоох дэглэм үйлчилж эхлэхийн өмнөөс авахуулаад дайн бүрэн дуусаагүй гэдэг анхааруулга мэдээллийг Газын зурвасын иргэдэд зориулж нийгмийн сүлжээдэд араб хэлээр байршуулсан байна.
Мөн Газын зурвасын хойд бүс байлдааны ажиллагааны аюултай бүс учир тийш зүглэхгүй байх,өөрсдийн аюулгүй байдлын тусын тулд өмнөд бүсээс гарахгүй байх зэрэг анхааруулгыг өгч байгаа юм байна.
Тэрчлэн орон гэрээсээ аргагүйн эрхээр дайжсан палестинчууд Газын зурвасын хойд хэсэг дэх гэртээ хүрэх замдаа израилын хүчний буудалтад өртөж 2 хүн амь эрсдэж, 11 хүн хөлдөө шархадсан талаар Аль-Жазира мэдээлсэн байна.
Энэ зуур Газын зурваст гал зогсоох дэглэм хэр мөрдөгдөж байгааг бодит цагийн горимд хянах Шуурхай төв Катарын Доха хотод ажиллаж байгаа юм байна.
Энэ төв Израил болоод Хамас-ын аль, аль талтай шууд холбогдож мэдээлэл авах эх үүсвэртэй байна.
Энэхүү түр эвлэрлийн хэлэлцээрийн дагуу, Хамас-ын барьцаанд байгаа 240-өөд хүнээс хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 13 хүнийг эхний ээлжинд хэдэн цагийн дараа суллана гэж мэдээлж байна. Хариуд нь Израилын тал мөн Палестины хүүхэд, эмэгтэйчүүд нийлсэн эхний ээлжийн 39 хоригдлыг шоронгоос гаргах ёстой байна.
Энэ маягаар түр гал зогсоох дараагийн 3 өдөр мөн адил үйл явц үргэлжлэх учиртай байна. Үүний дараа Хамас өдөрт 10 барьцааны хүн суллах нөхцөлтэйгээр байлдааны ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах боломж мөн байгаа гэж байна.
Тэрчлэн Египетийн Рафах боомтоор Газын зурвас руу түлш ачсан 4 цистерн болон бусад хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтэрч эхэлсэн дүрсийг "Ройтерс" нийтэлсэн байна.
Сүүлийн 48 хоногийн туршид Израилын агаарын дайралтууд болоод газрын ажиллагааны улмаас Газын зурваст 14800 гаруй хүн амь үрэгдсэн гэж Палестины тал нотолж байгаа. Израилын талын хохирол Хамасын халдлага дайралтад өртөж 1200-д хүн амь үрэгдсэн, олон орны харьяат 240-өөд хүн барьцаалагдсан байдалтай байгаа юм.
Хүмүүнлэгийн тусламжийн цуваа Газын зурвас руу нэвтэрч байна | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.