
Израилын албаныхны мэдээгээр, 13 израил хүн, 3 тайланд иргэнээс бүрдсэн хоёр дахь ээлжийн барьцааны хүмүүс Бямба гарагийн орой Израилд буусан байна. Мөн ойролцоо хугацаанд Израилын шоронгуудад саатуулагдсан болон хоригдож байсан 39 Палестинчуудыг суллажээ. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн албанаас мэдээлснээр, барьцаанаас суллагдсан Израилчуудын 7 нь хүүхэд, 6 нь эмэгтэйчүүд байжээ.
Эдгээр солилцоо нь өнгөрөгч 10-р сарын 7-нд Палестины Хамас бүлгийнхэн Израилд халдан довтлох үедээ барьцаалж авч явсан хэдэн арван хүнийг чөлөөлөхийн төлөө олон улсын зуучлалтайгаар Израил улс болон Хамас бүлгийн хооронд байгуулсан 4 өдрийн хугацаанд түр гал зогсоох хэлцлийн дагуу явагдаж байгаа юм. Үүний зэрэгцээ өнөөдөр буюу гурав дахь өдөр чөлөөлөгдөх барьцааны хүмүүсийн нэрс Израилын талд хүргэгджээ.
Хэлцлийн дагуу 4 өдрийн хугацаанд барьцааны хүмүүсийн 50-ийг чөлөөлөх бол, Израилын шоронгуудаас хүүхэд эмэгтэйчүүд голдуу 150 палестин иргэнийг суллах тохироотой байна. Үүний зэрэгцээ Катар улс Израил болон ХАМАС-ын хооронд түр гал зогсоох хугацааг сунгах найдлага тээж байгаа талаар тус улсын Гадаад яамны албан ёсны төлөөлөгч Си-Эн-Эн-д мэдээлжээ.
“Түр гал зогсоох хэлцэл хэрэгжсэн хоёр өдрийн үйл явц түлхэц авч, хэлцлийг 4 хоногоос цааш сунгах, цаашлаад барьцаан дахь үлдсэн хүмүүсийн талаар нухацтай хэлэлцэх боломж гарна гэж бид найдаж байна” гэж төлөөлөгч ярьсан байна. Өмнө нь Египетийн телевиз, Газын зурвасын түр эвлэрлийн хугацааг сунгах тухайд Египет улс бүх талаас нааштай дохио хүлээж авсан гэж мэдээлжээ. Энэ зуур АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Ойрх Дорнодын хямралыг зохицуулахад Араб дахин тус дөхөм үзүүлнэ гэж итгэж байгаагаа, амралт сувиллын Нантакет хотод үг хэлэх үедээ илэрхийлсэн байна. Хямралыг аль болох түргэн эцэс болгохын тулд бүх талд шахалт үзүүлэх шаардлагатайг тэр бас ярьсан байна. Харин Израилын армийн штабын дарга Херзи Халеви түр гал зогсоох хэлцэл хэрэгжиж дууссан даруйд Газын зурваст дайралтаа эхлүүлнэ гэж бямба гарагт цэргүүдтэй уулзахдаа мэдэгджээ.
Гал түр зогсоосон хоёр өдөр Газын зурвас дахь барьцаанаас 41 хүнийг суллажээ | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.