Шууд Chart

Агаарын бохирдол хүмүүсийн амь насанд халтай аюул учруулж байна

2023-11-26 12:08:34

Европын хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа экологийн хамгийн томоохон хүчин зүйл нь агаарын бохирдол болж байна. Европын хүрээлэн байгаа орчны агентлаг энэ 7 хоногт танилцуулсан илтгэлдээ энэ талаарх нарийвчилсан баримтууд дурджээ.

Тухайлбал энэ илтгэлд, 2021 онд агаар бохирдуулагч элементүүдийн концентраци ДЭМБ-ын агаарын чанарын талаарх зөвлөмжид заасан норм хэмжээнээс хавьгүй өндөр түвшинд байсныг онцолсон байна. “Агаарын бохирдлын түвшинг зөвшөөрөгдөх үзүүлэлтүүдэд хүргэж бууруулснаар Европын Холбооны хэмжээнд маш олон хүнийг үхлээс сэргийлэх учиртай”-г энд бас цохон заажээ. Илтгэлээс үзвэл, хэт нарийн ширхэглэгт тоосонцор буу PM2.5, озон, мөн азотын давхар исэл гэсэн агаар бохирдуулагч үндсэн гурван хүчин зүйлийн нөлөөгөөр 2021 онд Европын Холбооны орнуудад нийт 320 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн байна. 

Хэт нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5-ийн концентраци ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хэмжээнд байсан бол 253 мянга шахам нас баралтаас зайлсхийж болох байжээ. Энэ төрлийн бохирдлоос шалтгаалсан нас баралт Польшид 47300 бүртгэгдсэн бол, Итали, Герман улсууд удаад нь орох үзүүлэлттэй байна. Үүнээс гадна азотын давхар ислийн бохирдол 52 мянган хүнийг үхэлд хүргэсэн бол, озоны богино хугацааны үйлчлэлийн нөлөөгөөр 22 мянган хүний амь нас эрсэдсэн гэж дээрх илтгэлд орсон байна. Хүрээлэн байгаа орчны бохирдолтой холбоотой нас баралтын тоо Европын хэмжээнд нийтдээ 389 мянгад хүрчээ.

Энэ нь Европын Холбооны гишүүн бус европын орнуудын үзүүлэлтийг харгалзан авч үзсэн тоо юм байна. Европын Хүрээлэн байгаа орчны агентлаг энэ илтгэлдээ тэрчлэн агаарын бохирдлоос үүдэж хүмүүсийн эрүүл мэндэд учирдаг сөрөг нөлөөлөл, тэр дундаа уушгины өмөн үү, зүрх судасны өвчин, багтраа, чихрийн шижин зэрэг зарим өвчин хүндрэх эсвэл уршиг үр дагаврын талаарх шинэ тутам нотолгоо дүгнэлтүүдийг иш татан хавсаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Агаарын бохирдол хүмүүсийн амь насанд халтай аюул учруулж байна  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй