Шууд Chart

БНХАУ-д өргөн тархаж буй амьсгалын замын өвчлөл олон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй

2023-11-27 14:47:46

БНХАУ-ын хойд бүс нутагт хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг тус улсын хэвлэлүүд болон олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өчигдөр БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хорооноос сүүлийн үеийн нөхцөл байдал, өвчнийг үүсгэгчийн талаарх тодорхой мэдээллийг өглөө. Хятадын эрүүл мэндийн албаныхны мэдээлж байгаагаар, хүүхдүүдийн дунд тархсан амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь шинэ буюу өмнө нь огт илэрч байгаагүй вирус биш, амьсгалын замын олон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй гэж мэдэгдэж байна. Мөн, халдварын тархалт нэмэгдэж байгаа боловч, эмнэлгүүдэд хэт ачаалал үүсгэх хэмжээнд хүрээгүй гэж холбогдох албаныхан мэдээлж байна.

Хятадын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар, эмгэг төрүүлэгчид дунд томуугийн вирус давамгайлж байна. Мөн, уушгины хатгалгаа болж байгаа гол шалтгаан нь, олон төрлийн хавсарсан нийлмэл томуугийн вирус тэр дундаа респиратор синтициал вирус байдаг юм байна. Энэ вирус нь хүүхэд ханиахаас гадна халуурч амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрч, маш хурдан хүндрэх нөхцөл болдог юм байна. Тус төвийн дархлаа судлаачийн өгч байгаа мэдээллээр амьсгалын замын өвчин үүсгэгч вирус нь яг аль насны бүлэгт илүү их зонхилон тохиолддог тухай тайлбарлаж байна.

Ван Хуачин БНХАУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дархлаа судлаач “Тухайлбал, 1-4 насны хүүхдүүдийн дунд ханиад томуунаас гадна, риновирусээр үүсгэгдсэн ханиадны өвчлөл тодорхой хувийг эзэлж байна. Харин 5-14 насны хүүхдүүдэд энгийн ханиад томуунаас гадна микоплазмаар үүсгэгдсэн өвчлөл тодорхой хувийг эзэлж байна. 15-69 хүртэлх насны бүлэгт томуугийн вирусээс гадна, риновирус, шинэ төрлийн коронавирус илэрч байна. Харин 60 ба түүнээс дээш насны хүмүүст метапневмовирус нь нийтлэг өвчин үүсгэгч вирус гэж үздэг. Түүнчлэн 60 ба түүнээс насны бүлгийн хүмүүсийн дунд нийт тохиолдлын дийлэнх хувийг коронавирусний халдвар эзэлж байна” гэж ярилаа.

Өөрөөр хэлбэл ийм олон эмгэг төрүүлэгч вирус нь амьсгалын замыг өвчлөлийг нэмэгдүүлэх, халдварын тархалт өндөр гарах, хүндрүүлэх нөхцөл болж байна гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, иргэдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахыг уриалж байна. Мөн олон нийтийн газарт амны хаалт байнга зүүхийг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

Ми Фэн БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч “Сүүлийн өдрүүдэд олон төрлийн эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй амьсгалын замын цочмог өвчлөл нэмэгдэж байна. Иймд нийт бүс нутгийн салбар эмнэлгүүдийн хэмжээнд шаталсан оношилгоо, эмчилгээний системийг нэвтрүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн халдварын оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх ёстой. Үүний зэрэгцээ хүнд тохиолдлуудыг илрүүлэх, шаардлагатай тохиолдолд дараа дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зай талбайг нэмэгдүүлэх болон эмийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Хятадын СиСиТиВи-ийн мэдээлснээр нийслэл Бээжин хотын хүүхдийн эмнэлэгт л гэхэд өдөрт дунджаар 7000 өвчтөнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь эмнэлгийн хүчин чадлаас давсан тухай мэдээлжээ. Өнгөрсөн 7 хоногт Тяньжин хотын ойролцоох хамгийн том хүүхдийн эмнэлгийн амбулатори болон яаралтай тусламжийн тасаг 13 мянган хүүхдийг хүлээн авч, зөвлөгөө тусламж үзүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д өргөн тархаж буй амьсгалын замын өвчлөл олон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй  
Үзсэн: 1571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй