Израил болон Палестины зэвсэгт Хамас бүлэг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээрт хүрч, дөрөв хоногийн хугацаанд хүмүүнлэгийн үүднээс түр гал зогсоон, барьцааны иргэдийг суллуулах шийдвэрт хүрч чадсан. Энэ хэлэлцээний дагуу дөрвөн хоногийн хугацаанд 50 иргэнийг Хамас бүлэг суллана, хариуд нь Израилд хоригдож буй 150 палестин иргэнийг суллуулна гэж тохироод байгаа. Өнгөрсөн хугацаанд иргэдийг суллах гурван ч удаагийн ажиллагаа болж өнгөрлөө. Хамгийн сүүлийн гурав дахь солилцоогоор 14 Израил иргэн, 3 гадны иргэнийг Хамас бүлэг сулласан бол Израилын тал 39 палестин иргэнийг суллаад байна.
Хамас бүлэг өнөөдөр дөрөв дэх удаагаа барьцааны иргэдээс суллана гэж мэдэгдсэн. Хамас бүлгийн барьцаанаас сүүлд суллагдсан иргэд дотор Америк-Израилын давхар иргэншилтэй дөрвөн настай Абигейл Идан байсанд ард иргэд, олон улсын удирдагчид баярлан хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.
Жое Байден АНУ-ын ерөнхийлөгч “Бяцхан Абигейл Идан Хамасын барьцаанд байхдаа 4 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэр багадаа 50 хоног барьцаанд байлаа. Өнөөдөр түүнийг барьцаанаас суллагдсанд бүх америкчуудын өмнөөс талархаж, залбирч байгаагаа илэрхийлье. Барьцааны иргэдийг суллах явж цаашид үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн онцоллоо.
Абигеил Идан нь 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлгийн гэнэтийн дайралтын дараа барьцаалагдсан иргэдийн дунд байсан. Эцэг эх нь Хамасын дайралтын үеэр амиа алдсан байна. Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху түүнийг суллагдсанд талархалтай байгаагаа илэрхийлсэн ч эцэг эх нь байхгүй болсонд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа давхар дурдсан байна. Абигейлын нагац эгч Элла Мор түүнийг эмнэлэгт эсэн мэнд хүргэгдсэн талаар бичлэг нийтэлж, охиныг харж хандаж ажлыг тэд гүйцэтгэнэ гэж хэллээ. Мөн барьцааны иргэдийг суллуулахаар ажиллаж байгаа бүх оролцогч талуудад талархсанаа илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар Хамас бүлгийн барьцаанаас нийт 41 иргэн суллагдсан байгаа юм.
“Хамас” бүлгийн барьцаанаас дөрвөн настай охиныг суллажээ | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.