Шууд Chart

БНЭУ: Хонгилд гацсан ажилчдыг гаргахын тулд өрөмдлөг хийнэ

2023-11-27 14:58:54

Энэтхэгт Гималайн ууланд нүхэн гарцны ам нурж дарагдан, дотор нь хонгилын барилгын ажил хийж байсан 41 хүн хаашаа ч гарах боломжгүй гацсан байдалтай хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд нүхэн гарцны амыг чөлөөлөхөөр янз бүрийн оролдлого хийж байгаа ч Гималайн уулны зөөлөн, суулт ихтэй хөрс улам нурж ирж, ажилчдыг гаргах боломжийг улам тагласаар байсан юм. Тэгвэл өчигдрийн байдлаар нүхэн гарцыг дээрээс нь өрөмдөж нээн, гацсан ажилчдыг гаргах ажиллагаа явуулж эхэлснийг Уттараханд мужийн албанаас мэдээлсэн байна.

Ажилчид 4,5 км-ийн урттай туннелд гацсан байгаа. Онцгой байдлынхны зүгээс тэдний биеийн байдал хэвийн, гэрэл, хүчилтөрөгч, хоол, хүнс, ус, эм тангаар байнга хангаж байгаа гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар толгодын оройн хэсгээс босоо чиглэлд гарц өрөмдөж байгаа. Ингэж гарц нээж, ажилчдыг аврахад багцаагаар 4 хоног зарцуулна гэж мэдэгдсэн байна. Ажилчдыг эсэн мэнд гаргаж авахын тулд ойролцоогоор 86 метрийн урттай, 1,2 метрийн диаметртэй нүхэн гарц өрөмдөх ёстой юм байна. Одоо тулгамдаж байгаа асуудал нь нэг өрөмдлөгийн машин 40 метр хүртэл ухаж чадна. Өөрөөр хэлбэл өрөмдлөгийн хоёр машин газар дээр зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

Туннелийг нурсан талаас нь өрөмдөх ажил өнгөрсөн Баасан гарагт техникийн хүндрэлийн улмаас зогссон байна. Техникийн ажилчид нурангид дарагдаж эвдэрсэн өрөмдлөгийн машины хугархай эд анги, аюулт хошууг сугалж авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээллийг онцгой байдлын албанийнхан өглөө. Одоогоор туннелийн нурсан талаас 80 см диаметртэй нарийн нүх гаргаж, түүгээрээ дотогш тусламж нэвтрүүлж байгаа. Мөн энэ нарийн зайг ашиглаж, дотор гацсан том тэрэгний хутга, шөвөг, лазер бутлагч зэргийг сугалж авахаар ажиллаж байгаа юм байна. Энэ нарийхан зайд ажиллах хүндрэлтэй байгааг ойлгож, дотор гацсан ажилчдыг аврахаар бүх хүчин чармайлтаа гаргаж  байгаа гэдгийг Утараханд мужийн захиргааны аврах багийн дарга мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ: Хонгилд гацсан ажилчдыг гаргахын тулд өрөмдлөг хийнэ  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй