Шууд Chart

БНАСАУ хилийн харуулын цэгүүдээ сэргээж байгааг БНСУ мэдээлэв

2023-11-28 12:43:34

Цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөснөөс үүдэлтэй хурцадмал байдлын улмаас Умард Солонгос хилийн харуулын цэгүүдээ сэргээж байгааг Өмнөд Солонгосын талаас мэдээлж байна. Хоёр Солонгос хилийн цэргийн мөргөлдөөнийг бууруулах зорилгоор 2018 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу хил доторх ихээхэн бэхлэгдсэн харуулын 11 цэгийг татан буулгаж, зэвсгийг нь хурааж байсан юм. Хилийн харуулын бүсийг цэрэглэж, зэвсэглэснээр хоёр Солонгосын хилийн цэргийн хооронд мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг юм.

Умард Солонгос өнгөрсөн даваа гарагт харилцаа нааштай болох үед татан буулгаж байсан хилийн харуулын цэгүүдээ сэргээж байна. Энэ үйл явц Умард Солонгос саяхан тагнуулын хиймэл дагуул хөөргөсөнтэй холбоотойгоор үүссэн хурцадмал байдлыг улам гүнзгийрүүлж байна гэж Сөүлээс мэдэгдсэн байна. 2018 оны энэ хэлэлцээр цуцлагдах нь бараг тодорхой боллоо гэж Өрнөдийн хэвлэлд мэдээлжээ. Өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагт Умард Солонгос цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа сансрын тойрог замд орууллаа гэдгээ мэдэгдсэний дараа Өмнөд Солонгос хэлэлцээрээ хэсэгчлэн зогсоож, хилийн бүсийн агаарын ажиглалтын системээ сэргээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Сөүл энэ алхмаа пуужингийн технологио сайжруулах, сансарт суурилсан ажиглалтын систем бий болгох гэсэн Умардын санаархлын эсрэг хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна. Умард Солонгос Өмнөд Солонгосын энэхүү шийдвэрийг тэр даруйд нь эсэргүүцэж, хилийн бүсдээ хамгийн хүчтэй зэвсгээ байрлуулж, 2018 оны хэлэлцээрийг цаашид дагаж мөрдөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ хилийн харуулын цэгүүдээ сэргээж байгааг БНСУ мэдээлэв  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй