Шууд Chart

Израил, Хамасын хооронд түр гал зогсоох тохиролцоог сунгахаар хэлэлцэж байна

2023-11-28 13:41:26

Израил улс, Хамас бүлэглэлийн гал зогсоох тохиролцооны хүрээнд өчигдөр гурав дахь ээлжийн солилцоо боллоо. Одоо Израил, Хамасын хооронд дайны галыг дөрвөн хоног зогсоох тохиролцоог сунгахаар Катар, Египет, АНУ-ын засгийн газар Израилтай хэлэлцээ хийж байна. Хамас бүлэглэл илүү олон хоригдлыг суллавал гал зогсоох хугацааг сунгах сонирхол байна гэж мэдэгджээ. Мөн Израилын ерөнхий сайд барьцаанаас өдөрт нэмэлтээр 10 хүн суллавал түр эвлэрэх хугацааг сунгах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Ням гарагт Хамас бүлэглэл барьцааны 17 иргэнийг сулласны 14 нь Израил, гурав нь Тайландын иргэн байжээ. Израилын засгийн газар Палестины 39 хоригдлыг мөн суллаж өгсөн байна. Гал зогсоосон гурав хоногийн хугацаанд Хамас бүлэглэл нийт 58 хүнийг сулласан бол Израил Палестины 117 хоригдлыг суллажээ. Гал зогсоох сүүлийн өдөр буюу өнөөдөр 4 дэх шатны солилцоо болох юм байна. Солилцоонд гол төлөв хүүхэд эмэгтэйчүүд багтаж байна. Баасан гарагт гал зогссоноос хойш хүнс, эмнэлгийн тоног төхөөрөмж, ус, түлш зэрэг хүмүүнлэгийн тусламж ачсан 500 гаруй ачааны машин Рафах боомтоор Газын зурвас руу нэвтэрсэн гэж НҮБ-аас мэдээлжээ.

Хэдийгээр хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлсэн ч Газын иргэд хоол хүнс, шатахуун гэх мэт хэрэгцээт зүйлээ авахын тулд урт дараалалд зогссоор байна. Израил улс, Хамас бүлэглэлийн хооронд дайны галыг дөрөв хоног зогсоохоор өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тохиролцсон. Тохиролцооны  дагуу Хамас бүлэглэл барьцааны нийт 50 хүнийг суллах үүрэг хүлээсэн бол Израил  Палестины 150 хоригдлыг суллахаар болсон. 10-р сарын 7-нд дайн эхэлснээс хойш Хамас бүлэглэлийн Израилын газар нутгаас 240 орчим хүнийг барьцаалсан байна. Израилын ерөнхий сайд АНУ-ын ерөнхийлөгч Байдентай утсаар ярихдаа өдөрт барьцааны 10 хүн суллавал сунгах боломжтой гэж мэдэгдсэн ч гал зогсоох 4 хоногийн тохиролцоо дуусмагц зорилгодоо хүрэхийн тулд байлдааны ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлнэ гэж мэдэгдсэн байна. АНУ байлдагч талуудын хооронд хийж байгаа яриа хэлэлцээнд зуучлахдаа дайны галыг аль болох урт хугацаанд зогсоохыг зорьж байгааг ерөнхийлөгч Байден мэдэгджээ. Мөн Францын гадаад харилцааны сайд талууд түр эвлэрлээ сунгана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израил, Хамасын хооронд түр гал зогсоох тохиролцоог сунгахаар хэлэлцэж байна  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй