Даваа гарагт мөн АНУ-ын Нью-Йорк хотноо “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-нд нэгдэн орсон улсуудын төлөөлөгчид хоёр дахь удаагийн уулзалтаа эхлүүлсэн байна. Энэ гэрээг анх 2017 онд 69 орон гарын үсэг зурж соёрхон батлан, 28 орон соёрхон батлах шатандаа яваа юм. Энэ гэрээний эхний уулзалт Австрийн Вена хотод болж байсан бол энэ удаагийн хурал энэ Баасан гараг хүртэл үргэлжлэх товтой байна.
Хурлын эхэнд НҮБ-ын зэвсэглэлийн хорогдуулах асуудал эрхэлсэн албан төлөөлөгч Накамицү Изүми өнөөдөр цөмийн зэвсгийн аюул эрс нэмэгдэж, дэлхий дахинд зэвсэглэлийн хямрал улам гүнзгийрч байна гэж тодотголоо. Хүйтэн дайны үед олон улсын хэрэгжүүлж байсан цөмийн зэвсгийг хорогдуулах арга хэмжээ нуран унахад бэлэн байна, цөмийн зэвсгийг бүрэн хориглох гэрээ амин чухал асуудал болсон гэдгийг мөн дурдлаа. Бусад оролцогчид мөн цөмийн зэвсгийг бүр мөсөн байхгүй болгох нь дэлхий дахины нэн тэргүүний асуудал гэдэг дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлцгээж байна. Энэ хуралдаанд мөн 1945 оны Нагасакигийн бөмбөгдөлтийг нүдээр үзэж гэрчилсэн Кидо Сүэичи оролцож, өнөөгийн дэлхий ертөнцийн нөхцөл байдлыг дүгнэн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр одоогийн Украины дайн болон Газын зурваст болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, түүнд өртөж байгаа гэмгүй олон иргэд яг Дэлхийн 2-р дайнд өөрийнх нь амссан гашуун дурсамжтай ижил байна гэдгийг онцолсон байна. Одоо дэлхий ертөнц нэг бол цөмийн бөмбөг хүн төрөлхтнийг устгахыг зүгээр хараад суух, эсвэл цөмийн зэвсгийг бүрэн устгаж, хүн төрөлхтнийг аврах гэсэн хоёр замтай нүүр тулж байна гэж санууллаа. Тэрээр Японы Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтөд өртөж хохирсон хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн юм. Энэ хуралд НАТО-гийн гишүүн орнууд, тодруулбал АНУ болон бусад цөмийн зэвсгийн статустай орнууд ажиглагчийн байр сууринаас оролцож байгаа. Тав хоног үргэлжлэх энэ хурлын төгсгөлд гишүүн орнууд улс төрийн хамтарсан тунхаг батална гэсэн хүлээлттэй байна.
Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний хоёр дахь удаагийн уулзалт эхэллээ | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.