Шууд Chart

ГАЗА: Гал түр зогсоох тохиролцоог хоёр хоногоор сунгалаа

2023-11-28 15:46:09

Газын зурваст дайтагч талуудын байгуулсан дөрөв хоногийн гал зогсоох тохиролцоо дуусах мөчтэй зэрэгцэн дахин хоёр хоногоор сунгах болсныг зуучлагч Катар улс мэдэгдлээ. Тохиролцооны дагуу урьд шөнө Хамасын тал дахин 11 иргэнийг сулласны дотор 3 настай ихэр охид байсан гэсэн мэдээлэл байна. Ингээд Хамасын барьцаанаас 50 гаруй иргэн суллагдаад байгаа юм. Хариуд нь Израилын тал хорионд байгаа 33 палестин иргэнийг сулласны дотор дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байна.

Гал зогсоох хугацаа сунгагдсан хоёр өдрийн дотор Хамасын тал дахин 20 иргэн суллана гэж амласан гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна. Урьд шөнө Хамасын барьцаанаас суллагдсан иргэдийн дотор Израил, Франц, Герман, Аргентин улсын иргэд байсан гэсэн мэдээлэл байна. НҮБ гал түр зогсоох хугацааг ашиглаж Газын зурвас руу тусламжийн хэрэгсэл, хоол хүнс нэвтрүүлэхээр яаравчилж байгаа. Нэн ялангуяа өвлийн улирал хаяанд ирсэн байгаа энэ үед Газын зурваст өвлийн дулаан хувцас хамгийн их хэрэг болж байгааг албанийнхан мэдээлж байна. Газын зурваст сүүлийн үед байнгын бороотой байгаа нь орон гэрээсээ дайжсан, орох орон нь сүйдсэн хүмүүст хамгийн хэцүү байна гэдгийг БиБиСи агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлж байна. Зарим иргэд гал зогсоох хугацааг ашиглаж, хил нэвтрэн гарах хүсэлтэй байгаа юм. Катарын талаас хоёр тал гал зогсоох хугацаагаа сунгасан гэж мэдэгдэж байгаа ч Израилын талаас одоохондоо албан мэдэгдэл гараагүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израил болон Иордан голын баруун эрэгт айлчилж, нөхцөл байдалтай танилцан, Газын зурвас руу хүмүүнлэгийн нэмэлт тусламж оруулах талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй гэж мэдээлсэн байна. Тэрээр дайн эхэлснээс хойш гурав дахь удаагаа энэ бүс нутагт айлчлах гэж байгаа нь энэ юм. Газын зурваст өрнөж байгаа дайныг ихээхэн шүүмжилдэг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гал зогсоох хугацаа уртасч байгааг үзээд “хүн төрөлхтөнд итгэл найдвар үлджээ” гэсэн мэдэгдэл гаргаж, хугацаа хангалтгүй байх вий гэж эмээж байгаагаа мөн давхар илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ГАЗА: Гал түр зогсоох тохиролцоог хоёр хоногоор сунгалаа  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй