
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх үйл ажиллагааны багц төлөвлөгөө танилцуулсан байна. Энэ нь 2024 оны намар болох ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, эдийн засгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах зорилготой юм байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох ерөнхийлөгчийн урт хугацааны зорилт, засгийн газрын өргөн хүрээний стратегийг урагшлуулахын тулд цагаан ордонд нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдлын зөвлөл байгуулжээ.
Зөвлөлийн анхны хуралдаан дээр Байден бараа бүтээгдэхүүний үнээ бууруулахыг компаниудаас шаардаж, засаг захиргаа нь АНУ-ын айл өрхүүдийн зардлыг бууруулахын төлөө ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь энэ нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх зорилт гэдгийг онцолжээ. Тухайлбал эмийн хүртээмжийг сайжруулах, шаардлагатай эдийн засгийн мэдээлэл, түүнчлэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэхтэй холбоотой бусад хөтөлбөрүүдийг сайжруулах 30 арга хэмжээ хэрэгжүүлэхээр зарлалаа. Ковид-19 цар тахал АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, инфляцыг дээд түвшинд хүртэл хөөргөдсөн гашуун туршлагадаа үндэслэн ирээдүйд иймэрхүү нөхцөлтэй тулгарахаас урьдчилан сэргийлэх, бэлтгэлтэй байхад энэ үйл ажиллагаа чиглэх юм байна. Нийлүүлэлтийн сүлжээг илүү сайн хянахын тулд засгийн газар хоорондын нийлүүлэлтийн сүлжээний мэдээлэл хуваалцах шинэ чадавхыг бий болгохын зэрэгцээ Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай хуульд үндэслэн АНУ-д илүү хэрэгцээтэй эм үйлдвэрлэж, ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой болно гэж Цагаан ордон тооцоолжээ. Байден ерөнхийлөгч инфляцын өсөлтөд нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, 2022 онд Оросын Украинд эхлүүлсэн буруутгаж байгаа бол Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Байдены 2021 онд гарын үсэг зурсан коронавирусний эсрэг 1.9 их наяд долларын тусламж үнийн өсөлт нөлөөлсөн гэж үзэж байна. Ирэх оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө инфляцын түвшин Байдены нэр хүндийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөхүйц хэвээр байх төлөвтэй байгаа. Хэрэглээний үнийн индексийн жилийн өсөлт 2022 оны зургаадугаар сард 9.1%-д хүрсний дараа инфляц дунд зэргийн буюу 3.2%-д хүрсэн. Эдийн засгийн энэ сул байдал АНУ-ын насанд хүрсэн иргэдийн эдийн засгийн талаарх сэтгэгдлийг сэргээж чадахгүй байгааг эдийн засагчид онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх багц төлөвлөгөө танилцууллаа | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.