Газын зурваст гал түр зогсоох хугацааг нэмж хоёр өдрөөр сунгаснаас хойш Израил-Хамасын хооронд барьцааны хүмүүс болоод хоригдлуудыг харилцан солилцсоор байна. Үүнтэй зэрэгцээд түр гал зогсоох хэлцэл дуусахад нэг л хоног үлдэж байгаа тул талууд хэлцлээ дахиж сунгах дээр тохирч чадах эсэх нь анхаарал татаж байна.
Өнөөдрийн байдлаар, Хамас 10 Израил, 2 гадаад, нийт 12 хүнийг барьцаанаас сулласан бол, Израилын талаас Палестины 30 хоригдлыг мөн чөлөөлжээ. Гал түр зогсоох дэглэм үйлчлэх үлдсэн хугацаанд дахин нэг удаагийн солилцоо явагдах учиртай юм байна. Ассошэйтэд Пресс агентлагийн мэдээлж байгаагаар, гал түр зогсоох дэглэм үйлчилсэн 5 хоногийн хугацаанд Хамас-ын тал 60 Израил, 21 гадаад, нийт 81 хүнийг барьцаанаас сулласан бол, Израилын шоронгуудаас суллагдсан Палестинчуудын тоо 180 болжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын ТТГ-ын захирал Вильям Бёрнс, Израилын тагнуулын Моссад-ын агентлагийн тэргүүн Дэвид Барнеа нар гал зогсоох хэлцлийг сунгах, барьцааны хүмүүсийг нэмж суллуулах асуудлыг хэлэлцэхээр өчигдөр Катарт очсон байна. Энэ хэлэлцээнд Катар улс “Хамас” бүлэгтэй гол холбон зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, Египет мөн зуучилж байгаа юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн гал зогсоох тохироог сунгахад түлхэц үзүүлэхээр энэ 7 хоногт тус бүс нутагт очих мэдээтэй байна. Энэ зуур ХАМАС бүлэг түр гал зогсоох хэлцлийг дахин 4 өдрөөр сунгахад бэлэн гэж мэдэгдсэнийг “Франс пресс” энэ бүлэгт ойр эх сурвалжид тулгуурлан мэдээлсэн. ХАМАС бүлэг өөрийнх нь болоод бусад бүлгийн барьцаанд байгаа Израилчуудыг одоо мөрдөгдөж байгаа хэлцэл тохирооны дагуу үргэлжлүүлэн суллаж болох юм” гэж тэр эх сурвалж ярьжээ. Хамас бүлэг харин энэ мэдээлэлд албан тайлбар хийгээгүй байна. Мөн барьцаанд байгаа Израилын цэргүүдийг чөлөөлөх дээр Палестины хэт үзэлт бүлгүүдийн зүгээс байлдааны ажиллагааг бүрэн зогсоох, Газын зурвасын бүслэлтийг тавиулах зэрэг өөр нөхцөл болзол тавихаа мэдэгдсэн талаар бүс нутгийн зарим хэвлэлүүд мэдээлжээ. Харин Израилын томоохон сонин “Хаарец”, түр гал зогсоох хэлцлийг 10-аас дээш хоног үргэлжлүүлэхийг Израилын тал зөвшөөрөхгүй гэсэн эх сурвалжуудын байр суурийг мэдээлжээ. НҮБ-ын тухайд Газын зурваст нийтийн өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгааг анхааруулж, түр гал зогсоох 6 хоног шаардлагатай хэмжээний хүнс бусад тусламж нийлүүлж амжихгүй гэж мэдэгдэж байна. Үүнээс гадна Газын зурвасын гэр оронгүй болсон хүмүүсийн дунд гүйлгэлт, амьсгалын замын архаг үрэвсэл, арьсны зэрэг халдварт өвчнүүд тархах эрсдэл маш өндөр болсныг ДЭМБ мөн анхаарууллаа.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн өнөөдөр Газын зурвасын асуудлаар өндөр түвшний хуралдаан хийнэ. Энэ сард Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И энэ хуралдааныг удирдах юм байна.
НҮБ: Газын зурваст очсон хүмүүнлэгийн тусламж хэрэгцээг хангаж “хүрэлцэхгүй байна” | ||
Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.