Шууд Chart

Иран улс ОХУ-аас байлдааны нисэх онгоцууд худалдан авч эхэлжээ

2023-11-30 14:39:34

Иран улс Оросоос байлдааны нисэх онгоцууд, цохилт өгөх чадвартай нисдэг тэргүүд болон бусад онгоц худалдаж авч байгаа юм байна.  Ираны Батлан хамгаалахын дэд сайд Махди Фарахи мэдээллийн “Ташим” агентлагт энэ тухай ярьсныг олон улсын хэвлэлүүд иш татан уламжилж байна.

Тэр сайдын мэдээлснээр, Су-35 сөнөөгч нисэх онгоцны сүүлийн үеийн загварууд, сургалт-байлдааны Як-130, цохилт өгөх хүчин чадалтай “МИ-28” нисдэг тэргүүдийг Ираны зэвсэглэлд авч эхэлжээ. Оросын батлан хамгаалах үйлдвэрлэлийн “Рособоронэкспорт” энэ тухайд харин тайлбар хийгээгүй байна. Өнгөрөгч  7 хоногт АНУ-ын засгийн газар Ираныг Орос руу баллистик пуужингууд нийлүүлж, оронд нь цэргийн тоног төхөөрөмж авч болзошгүй гэдэг байр суурь илэрхийлснээс хойш удалгүй Ираны сайд ийм мэдэгдэл хийснийг хэвлэлүүд мөн дурдаж байна. Техраны тухайд, Украинд цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа Орос улс руу нисгэгчгүй онгоцууд нийлүүлдэг гэх яриаг урьд нь үгүйсгэж байсан. Харин өрнөдийн орнууд Орос-Ираны хооронд зэвсгийн гэрээ хэлцэл хэрэгжих нөхцөлд энэ 2 улсын цэргийн хамтын ажиллагаа улам бэхжихэд түлхэц болно гэж болгоомжилж байна. НҮБ-ын зэвсгийн хоригт байсан Иран улсын тухайд энэ хоригийн үйлчлэл 2020 оны 10-р сарын 18-наар дуусгавар болсон. Үүнээс өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулж энэ улс руу сүүлийн үеийн зэвсэглэл нийлүүлэхэд хориг тавьж, Техранд зэвсэг худалдах хүсэлтэй улс эхлээд Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл авах журам үйлчилж байжээ. Энэ хориг дууссаны дараагаас Иран улс шинэ үеийн байлдааны нисэх онгоц, нисдэг тэргүүд худалдаж авахыг гол зорих болсон байна. Учир нь 2023 оны байдлаар гэхэд, Ираны агаарын цэргийн хүчний зэвсэглэлд  өнгөрсөн зууны 70-аад оны үеийн Америк болон Францын нисэх техник голдуу байдаг. Бас нэг хэсэг нь 1990-ээд оны үед нийлүүлэгдсэн Орос болон Хятадын онгоцууд байдаг гэдгээрээ орчин цагийн жолоодлоготой байлдааны нисэх онгоцны чадавх нөөц нь Ираны армийн сул тал болсон гэдгийг дэлхийн 173 улсын цэрэг, батлан хамгаалахын чадавхын үнэлгээг жил тутмаар гаргадаг Military balance хүрээлэнгийн мэдээ баримт харуулдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улс ОХУ-аас байлдааны нисэх онгоцууд худалдан авч эхэлжээ  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй