Шууд Chart

БНХАУ хиймэл дагуулын интернэтийн сүлжээ ажиллагаанд оруулна

2023-12-02 12:04:40

БНХАУ АНУ-ын “Спэйс Икс” компанийн “Старлинк”-тэй өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлэх чадамжтай харилцаа холбооны хиймэл дагуулын сүлжээ ажиллагаанд оруулж байгаагаа зарлалаа.

Дэлхийн орчмын тойрог замын өндөр цэгт байрлах энэ сүлжээний анхан шатны тохиргоог хийж дууссан гэж Бээжинд төвтэй Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпораци мэдээлснийг “Синхуа” уламжилсан байна.

“Саут чайна морнинг пост”-д мэдээлснээс үзвэл, Хятадын энэ сүлжээ нь Элон Маскийн нам тойрог замд байрлалтай хиймэл дагуулуудыг бодвол хавьгүй өргөн хүрээг хамрах учир цөөн хиймэл дагуулын хүчээр ажиллах боломжтой байна.

Нисэхийн болоод усан замын навигацаас авахуулаад яаралтай тусламж, эрчим хүч гээд маш олон салбар хүрээнд ашиглах боломжтой байх болно гэж мэдээлж байна.

Энэ сүлжээ нь ChinaSat-16, 19, 26 гэсэн өндөр хүчин чадалтай хиймэл дагуулуудаас бүрддэг.

Сүлжээний оператор компанийн мэдээлж байгаагаар, эдгээр хиймэл дагуул Хятадын нутгаас гадна Орос, Зүүн Өмнөд Ази, Монгол, Энэтхэг, Энэтхэгийн болон Номхон далайн район гээд “Нэг бүс ба Нэг зам” санаачилгад хамрагддаг нутаг дэвсгэрийн асар өргөн нутаг дэвсгэрийг хамарч, Бээжингийн Ази, Африк, Европын холбоо харилцаа, холбооны дэд бүтцийг хөгжүүлэх стратеги зорилтыг хангахад дөхөм үзүүлэхийг Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Мөн 2025 он гэхэд Хятадын дамжуулах өндөр чадамжтай хиймэл дагуулуудын нийт хүчин чадал 500Гбит/с-аас давна гэж мэдээлсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ хиймэл дагуулын интернэтийн сүлжээ ажиллагаанд оруулна  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй