НҮБ-аас 2023 оныг түүхэнд хамгийн халуун жил хэмээн зарлалаа.
Оны туршид манай гараг-дэлхий чамгүй халснаас үүдэж Дэлхийн цаг уурын байгууллага бүр он дуусаагүй байхад ийнхүү урьд өмнө түүхэнд бүртгэгдэж байгаагүйгээр их халсан жил хэмээн зарлаж байна.
ДБУБ нефтиэр баялаг АНЭУ-ын нийслэл Дубайд болж байгаа уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын жил тутмын бага хурлын эхэнд ийм тайлан мэдээгээ нийтлүүлсэн байна.
2023 оны цаг уурын байдлын талаарх урьдчилсан тайлан илтгэлээс харахад, дэлхийн хэмжээнд агаарын температур оны эхний 10 сарын туршид аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс цельсийн бараг 1.4 градусаар давсан байна.
Он дуусахад хэдийгээр нэг сарын хугацаа үлдсэн ч гэлээ энэ оныг түүхэнд хамгийн их халсан жил гэж дүгнэх хангалттай үндэслэл бүрдсэн, улмаар Ойрх Дорнодод чуулж байгаа уур амьсгалын асуудлаарх чуулга уулзалтын оролцогчдод хатуухан дохио сануулга болно гэж НҮБ-ын цаг уурын энэ төрөлжсөн байгууллага үзсэн байна.
“Халалт урьд байгаагүйгээр нэмэгдэж байгаа асуудал дэлхийн удирдагчдад түгшүүр төрүүлж, арга хэмжээ авах сэдэлд хөтлөх ёстой. Уур амьсгалын гамшгийг бид энэ цаг үед үзэж туулж байна. Эндээс үүдэж гарах уршиг үр дагавар нь сүйрэл дагуулж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Дубайд "СОР28" уур амьсгалын дээд түвшний уулзалт эхлэхийн өмнө мэдэгдсэн.
НҮБ-ын тайлан илтгэлд өгүүлснээр, дэлхийн дулааралд нөлөөлж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалт өнгөрсөн онд түүхэнд байгаагүйгээр ихэссэн бол, 2023 оны туршид ч мөн улам ихэссээр байжээ.
Энэ оны тухайд, 7-9 сарын хооронд хуурай газар дээр, харин 4-9 сарын хооронд далайн усанд температурын үзүүлэлт сар тутам хамгийн өндөр гарахад түлхэц болсон байна.
Халалт ийнхүү ихсэж байгаагаас хүн ардын амь нас эрсдэхэд хүргэж байгаа байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж, хоол хүнс хорогдож, мөн сая сая хүнийг нүүж дүрвэхээс аргагүй болгож байна.
2023 он тэрчлэн байгалийн гамшиг, сүйдэл нэлээд ихтэй жил боллоо. Хамгийн их гамшиг тарьсан нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй “Даниил” хар салхи Грек, Болгар, Туркт асар хүчтэй үер дагуулж, дараа нь бас Газрын дундад тэнгисийг дайран шуурч, эргээд Ливийн зүүн хойд бүсийг нөмөрсөн.
Үүний уршгаар 4345 хүний амь эрсдэж, 8500 хүн өнөө хэр сураггүй хэвээр байгаа бол 43 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Мөн “Энэ жил түймэр, үер ус, хэт халалтад дэлхий даяарх хүн ард нэрвэгдсэн. Тайлангаас харахад, бид асар их гамшиг зовлонд унасан дүр зураг харагдаж байна” гэж Антонио Гутерриш мэдэгджээ.
НҮБ 2023 оныг түүхэнд хамгийн халуун жил хэмээн зарлав | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.