Шууд Chart

Газын зурваст дайн үргэлжилж байна

2023-12-02 13:50:39

Газын зурваст Израил болон Хамас бүлэг нэг долоо хоногийн хугацаанд түр гал зогсоож чадсан ч өчигдрөөс дахин гал нээж, довтолгоогоо үргэлжлүүлж байна. 

Дайтагч талуудын аль аль нь гал түр зогсоох тохиролцоогоо хугацаа нь дуусахаас өмнө зөрчлөө гэж эсрэг талаа буруутгасаар байна.

Хоёр тал өнгөрөгч 11 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэж тохиролцон, хүмүүнлэгийн үүднээс эхний ээлжинд дөрөв хоногийн хугацаатай гал зогсоож, энэ хугацаагаа 7 хоног болтол хоёр ч удаа сунгаж чадсан байсан юм.

Гал түр зогссон хугацаанд Хамас бүлэг барьцаанд байсан 80 иргэнийг сулласан бол Израилын тал шоронд байсан 240 палестин иргэнийг суллаад байсан.

Хамасын барьцаанаас суллагдсан иргэдийн дотор 20 гаруй гадны иргэн байсан гэдгийг мэдээлж байсан юм.

Орон нутгийн цагаар Баасан гаригийн өглөө хоёр тал эргэн дайны бэлтгэх байдалд орж, бөмбөгдөлт эхэлснийг олон улсын хэвлэлүүд газар дээрээс нь мэдээлж байна.

Израил болон Газын зурвасын хил дээр ажиллаж байгаа Хятадын хэвлэлийн багийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар Газын зурвасын хил дагуу түгшүүрийн дохио дуугарч байна.

Израилын батлан хамгаалах арми Газын зурвасаас ирэх пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд “Төмөр дээвэр” хамгаалалтын системээ идэвхжүүлэхийг харлаа гэж мэдээлсэн байна.

Гал түр зогсоох хугацаа дууссаны дараа Израилын нисэх хүчний онгоцууд довтолгоогоо явуулж эхэлсэн. Израилын довтолгооны улмаас Газын зурваст нэг хоногийн дотор 109 хүн амиа алдлаа гэж Газын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.

Түүнчлэн Израилын батлан хамгаалах арми анх удаа Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юунис хотын оршин суугчдыг Египеттэй хил залгаа Рафах боомт руу дүрвэхийг шаардаж, Хан Юунис руу довтолно гэдгээ анхааруулсан гэж тус хотоос мэдээлсэн байна.

Израилын талын тайлбарлаж байгаагаар хоёр талын гал түр зогсоох хугацаа орон нутгийн цагаар Баасан гарагийн өглөөний 7 цагт дуусах ёстой байсан ч Хамасын тал энэ хугацаанаас өмнө Израилын өмнөд хил рүү түрүүлж бөмбөгдөж, тохиролцоогоо зөрчсөн гэж буруутгаж буй юм байна.

Хоёр талыг тохиролцоонд хүргэхээр зуучилж байсан АНУ, Египет, Катар улсууд хүмүүнлэгийн түр зогсолтыг сэргээхээр хичээнгүйлэн ажиллаж байна гэж АНУ-ын Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хүмүүнлэгийн гал зогсоох хугацаа гэнэт зогссон явдалд харин Хамас бүлэг бүрэн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газын зурваст дайн үргэлжилж байна   
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй