Шууд Chart

Филиппин улс Өмнөд Хятадын тэнгист эргийн хамгаалалтын хяналтын бааз нээжээ

2023-12-03 12:25:25

Филиппин Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт өөрийн эзэлсэн арал дээр эргийн хамгаалалтын хяналтын шинэ бааз нээсэн байна. Стратегийн усан замд Хятадын цэрэг армийн дээрэнгүй үйл хөдлөлийн эсрэг АНУ, Австралитай хамтарсан эргүүлийн ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тус баазыг нээж байгааг Филиппиний талаас мэдэгджээ. Энэ онд маргаантай бүсэд Хятад, Филиппиний хөлөг онгоцуудын хооронд мөргөлдөх аюул улам нэмэгдсэн нь АНУ-ыг татан оролцуулсан томоохон мөргөлдөөнд хүргэх вий гэсэн болгоомжлолыг үүсгээд байгаа юм.

Энэ эргийн хамгаалалтын шинэ хяналтын бааз нь маргаантай бүсэд Хятадын цэрэг армийн үйл ажиллагаа болон усан онгоц мөргөлдөх зэрэг далайн осол зөрчил зэргийг хянах радар болон бусад хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон юм байна. Филиппиний тал Өмнөд Хятадын тэнгист Хятадын хөлөг онгоцуудыг гаргаж байгаа үйлдэл бол олон улсын далай тэнгисийн хуулийг зөрчиж байгаа гэж үздэг. Хятадын армийн хөлөг онгоцууд Филиппинийн өөрийн газар нутаг гэж маргадаг Титу арлын ойр орчимд олон давтамжтайгаар орж ирэх болсон нь Манилаг түгшээх болсон. Филиппиний арми Өмнөд Хятадын тэнгист зэвсэгт халдлагад өртвөл Ази дахь хамгийн эртний холбоотон Филиппин улсыг хамгаалах үүрэгтэй гэдгээ АНУ удаа дараа анхааруулсаар байгаа. Харин Хятад улс АНУ-ыг Азийн маргаанд хөндлөнгөөс оролцож, бүс нутагт үл ойлголцол үүсгэсэн гэж буруутгасан. Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэрэг армийн үйл ажиллагаанаас шалтгаалж энэ онд Филиппин 2014 оны батлан хамгаалах гэрээний хүрээнд орон нутгийн баазууддаа Америкийн цэргийн тоог нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн.

Мөн саяхан АНУ, Австралитай хамтарсан тэнгисийн болон агаарын хамтарсан эргүүл хийж эхэлсэн. АНУ, Австралийн оролцоотой хамтарсан эргүүлүүд тус  тусдаа үргэлжилнэ.  Токио, Манила хоёрын хэлэлцээ дуусаж, аюулгүй байдлын гэрээ хамтарсан эргүүлийг Япон зэрэг бусад улсуудаар өргөжүүлэх боломжтой болно гэж Филиппиний талаас мэдэгдэж байна. Харин Бээжин иймэрхүү Тэнгисийн цэргийн хамтарсан эргүүл "нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх, ашиг сонирхлыг" хохироож болохгүй гэж анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Филиппин улс Өмнөд Хятадын тэнгист эргийн хамгаалалтын хяналтын бааз нээжээ  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй