Шууд Chart

АТГ: Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

2023-12-04 14:32:18

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 805 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Г” нь Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа  бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч “Н”, “Б”, “П” нар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • “Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “Б” нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхда өөрийн нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжтэй худалдан авах гэрээ байгуулж, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэр бүхий 25 иргэнд давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх.
  • “Ж” нь нийтийн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хүү “Г”-тай урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө болон хүү “Г”-д эдийн засгийн хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан ”А” нь хясан боогдуулах аргаар бусдаар дамжуулан хахууль авсан гэх;
  • Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч “М” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “С”, албан тушаалтан “Т”, “А” нар нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “Ж”, “М” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Дорнод аймгийн Дашбалбар сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


АТГ: Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй