
Израилын хүчнийхэн Газын зурвасын өмнөд дайралтаа эрчимжүүлж, тэр хэрээр энгийн хүн амын дундах гарз хохирол улам бүр ихэссээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Байдений засаг захиргааны зүгээс энгийн иргэдийг эрсдэлийг багасгах чиглэлд Израилын эрх баригчдад шахалт үзүүлж байгаа ч энэ нь үр нөлөөгүй байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.
Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, ТНБД Энтони Блинкен зэрэг америкийн өндөр албаныхан Израилыг Газын зурвасын өмнөд бүсэд довтолгоогоо илүү оновчтой болгож, энгийн хүн амд учрах хохирлыг бууруулахад уриалсан. Гэвч Газын зурвасын өмнөд бүсэд Израилын цэргийн ажиллагаа үргэлжилж, амь үрэгдсэн хүмүүсийн тоо 16 мянгаас давсан тухай Газын зурвасын ЭМЯ мэдээлж байна. Үүний зэрэгцээ Израилд зэвсэг нийлүүлэхээс татгалзах эсвэл Израилыг эрс буруутгах бодол Вашингтонд одоогоор байхгүй талаар америкийн албаны хоёр ч хүн “Ройтерс”-т ярьсан байна. АНУ-ын Израилтай одоо явуулж байгаа хэлэлцээ хийх стратеги үр дүнгээ өгч байгаа гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тухайлбал, Газын зурвас руу огт тусламж оруулахгүй гэж байсан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху одоо өдөрт 200 шахам ачааны машин тусламж оруулж байгаа нь сүрдүүлэг бус, эрчимтэй дипломатын ач тус гэж тэр эх сурвалжууд ярьжээ. АНУ Израилд жил бүр 3,8 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлдэг байна. Үүн дээр нэмж Байдений засаг захиргаа 14 тэрбум доллар батлуулахаар Конгресст санал оруулаад байгаа юм. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаа Байдений хувьд Израилын талыг баримтлагч чөлөөт сонгогчид болоод Ардчилсан намын доторх дэвшилтэт фракцуудын аль алины шахалтад орсон байгааг ажиглагчид хэлж байна. Ардчилсан нам доторх дэвшилтэт хүчнүүдийн зүгээс Байденийг Ойрх Дорнод дахь гол холбоотондоо туслахдаа болзол тавих, мөн нэн даруй гал зогсоох уриалгад нэгдэхийг уриалж байна. Энэ зуур өчигдөр Ливаны нийслэл Бейрутад ХАМАС-ын өндөр тушаалын төлөөлөгч мэдэгдэл хийж, Израилыг дайралтаа зогсоогоогүй цагт ямар ч хэлэлцээ эсвэл барьцааны хүмүүс солилцохгүй, барьцааны хүмүүс амь эрсэдвэл хариуцлагыг нь Израилын Ерөнхий сайд Нетаньяху хүлээх болно гэжээ. “Хамас”-ын барьцаанд үлдсэн хүмүүсийн ар гэрийнхний төлөөлөл өчигдөр Ерөнхий сайд Нетаньяхутай уулзсан байна. Барьцаанд үлдсэн гэж Израилын талын мэдэгдэж байгаа 138 хүнийг чөлөөлөхийн төлөө хангалттай зүйл хийхгүй байна гэж ар гэрийнхнийх нь зүгээс Засгийн газраа буруутгаж байна.
Газад амь үрэгдэгсдийн тоо өссөөр байгаа боловч АНУ Израилд дэмжлэгээ бууруулах төлөвгүй байна | ||
Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.