Шууд Chart

Европын Холбоо БНХАУ-ын дээд түвшний уулзалт Бээжинд болно

2023-12-07 10:45:02

Өнөөдөр Хятадын нийслэл Бээжин хотод Европын Холбоо-Хятад улс хоорондын 24 дэх удаагийн дээд түвшний уулзалт эхэлнэ. 2019 оноос хойш анх удаа нүүр тулсан хэлбэрээр энэ уулзалт болох гэж байгаа онцлогтой. Энэ ч үүднээсээ хоёр тал хамгийн өндөр дээд түвшинд уулзаж, ЕХ-Хятадын хоорондын үр бүтээлч, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд энэ уулзалт чухал түлхэц өгнө гэсэн хүлээлттэй байна.

Энэ үеэр Европын Комиссын дарга Урсула Фон Дер Ляйен Европын Зөвлөлийн дарга Шарль Мишелийн хамтаар Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай хоёр ч удаа тусгайлан уулзах мэдээлэлтэй байна. Өндөр хүлээлттэй байгаа энэ уулзалтаараа тэд ЕХ болон Хятадын харилцааны өнөөгийн байдал, мөн Орос-Украины дайн, Ойрх Дорнодын нөхцөл байдал зэрэг олон улсын асуудлуудыг голлон хэлэлцэх юм байна. Мөн хоёр талын худалдааг илүү тэнцвэртэй болгох арга замуудыг хэлэлцэхээс гадна уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, цар тахал болон дэлхий нийтийн чанартай эрүүл мэндийн бэлэн байдлын асуудал гэхчлэн харилцан сонирхол бүхий салбаруудын асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ уулзалтын босгон дээр өчигдөр Бээжинд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ЕХ болон гишүүн орнуудаас нь Хятадад суугаа дипломат төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна. Хоёр тал хоёулаа илүү нягт холбоо харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байр сууриа илэрхийлсэн энэ уулзалтын үеэр Ван И, Хятад, ЕХ хоёр харилцан хүндэтгэлийн үүдэн дээр гагцхүү эрх тэгш яриа хэлэлцээ өрнүүлж, хамтдаа ахиц дэвшилд хүрч чадна гэж мэдэгджээ. Мөн олон улс, бүс нутгийн асуудлаар Хятад, ЕХ хоёр үзэл бодол адилгүй, тиймээс гагцхүү харилцан уялдаа холбоотой байж зохицуулснаар дэлхийд тогтвортой байдлыг сахиулж, нийтлэг сорилтуудыг  хамтдаа даван тулж чадах юм гэж Ван И хэлснийг “Синхуа” уламжилсан байна. ЕХ-ны зүгээс харин, голлох салбарууд болоод нийлүүлэлтийн тал дээр Европын Холбоо Хятадаас хараат байдлаа бууруулах замаар эрсдэлээс ангижрахыг эрмэлзэж байгаа ч дэлхийн хоёр дахь том эдийн засгаас тусгаарлах бодолгүй гэдгээ мэдэгддэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо БНХАУ-ын дээд түвшний уулзалт Бээжинд болно  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй