Шууд Chart

Газын зурваст дайн эхлээд хоёр сар өнгөрсөн байна

2023-12-08 16:08:17

Газын зурваст дайн эхлээд аль хэдийн хоёр сарын хугацаа өнгөрсөн байна.

Энэ хугацаанд дайтагч талууд долоо хоногийн хугацаанд гал түр зогсоож, Хамас бүлэг барьцаанд байсан иргэд, Израилын тал шоронд хоригдож байсан палестин иргэдээс тус тус суллаад байсан.

Гэвч одоогийн байдлаар дайн үргэлжилж, Израилын батлан хамгаалах арми Газын зурвас руу бүрэн хэмжээнд довтолгоогоо үргэлжлүүлж байна.

Хамасын Засгийн газраас мэдээлснээр одоогийн байдлаар Газын зурваст 17 мянга гаруй иргэн амиа алдаад байна.

Израилын батлан хамгаалах арми өнөөдрийн байдлаар Газын зурвасын өмнөд хэсэгт байрлах Хан Юунис хот руу төвлөрч довтолгоогоо тэлж байна.

Дайн эхэлснээс хойш Хамас бүлгийн гол төвлөрөн байршдаг Газын зурвасын хойд хэсгээс Палестины энгийн иргэдийн олонх нь өмнөд бүсийн Хан Юунис хот руу дүрвэн байршаад байсан юм.

Израил довтолгоогоо үргэлжлүүлж байгаа энэ мөчид Хан Юунист хүмүүнлэгийн нөхцөл байдал асар хүнд байна гэдгийг тус хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна.

Одоогийн байдлаар Газын зурваст амьдардаг иргэдийн 80 орчим хувь нь орох оронгүй нөхцөлд байна гэдгийг НҮБ тайлагналаа.

Газын зурвасын өмнөд, умард гээд бүх хэсэгт аюулгүй хорогдох газар үлдээгүй, мөн тусламж хангалтгүй байгааг мэдээлж байна.

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн албаны мэдээлж байгаагаар Газын зурвас руу нэмэлт тусламжийн урсгалыг өргөтгөхөөр Израилтай хэлэлцэж байгаа юм байна.

Израилын тал мөн энгийн иргэдийн хохирлын хэмжээг багасгахын тулд бүх талаар НҮБ-тай хамтарч ажиллана, тусламжийн урсгалыг нэмэгдүүлнэ, түр эмнэлгүүдийг нээнэ гэж амлаад байгаа.

Гэхдээ Израилын талаас хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх тал дээр нааштай хандаж байгаа ч хүмүүнлэгийн үүднээс дахин гал зогсоох тал дээр хэлцэлд хүрэх сонирхолгүй байгаа гэж АНУ-ын Цагаан ордноос Үндэсний аюулгүй байдлын хорооны Хэвлэлийн төлөөлөгч Жон Көрби мэдэгдсэн байна.

Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс дайн эхэлснээс хойш энэ бүс нутагт анх удаа айлчиллаа.

Айлчлалынхаа хүрээнд Газын зурваст тусламжийн өөр корридор нээхээр зөвлөлдөн ажиллаж байгаа, шаардлагатай тохиолдолд Британийн хааны усан флотыг явуулахад бэлэн гэж мэдэгдсэн байна.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Израилын батлан хамгаалах армид баригдсан хэдэн зуун палестин эрчүүдийн зураг хөвөрч байна.

Израилын батлан хамгаалах армиас эдгээр хүмүүсийг Хамас бүлгийн гишүүд, өөрсдөө хүлээн зөвшөөрч бууж өгсөн гэж тайлбарлаж байгаа.

Гэвч тэдний дунд Палестины олноо танигдсан сурвалжлагч байсныг хэвлэлүүдээр онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газын зурваст дайн эхлээд хоёр сар өнгөрсөн байна   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-08 17:33
buugaa barihaaraa hamasiin daichin buugaa nuuchwal engiin palestin irgen bolchdog...

Бидэнтэй нэгдээрэй