ОХУ-ын Парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр болно гэсэн шийдвэр гаргасан байна.
Уг шийдвэр зарлагдсантай холбогдуулан ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхэлж байна гэж Холбооны Зөвлөлийн дарга мэдээллээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарсантай холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин ирэх онд дахин сонгогдож, тав дахь удаагаа энэ улсын Ерөнхийлөгчийн албыг хаших магадлал өндөр байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
ОХУ-ын Сонгуулийн төв хороо өнөөдөр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэлцэхээр хуралдана гэсэн товтой байна.
Ерөнхийлөгч Владимир Путин одоогоор ирэх оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ өөрөө албан ёсоор зарлаагүй байгаа. Гэхдээ сонгуульд өрсөлдөх нь мэдээжийн асуудал гэж олон улсын болон дотоодын ажиглагчид үзэж байна.
Сонгуулийн тов гарсан тул удахгүй өрсөлдөх эсэхээ зарлана ч гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.
Хэвлэлийнхэн Кремлээс Владимир Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг асуухад Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдийг “тэвчээртэй” байхыг хүссэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийнхээ хугацаанд үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дахин хоёр ч удаа сонгогдож, нэг удаадаа 6 жилээр Ерөнхийлөгчийн алба хаших боломжтой болсон.
Үндсэндээ Владимир Путин 2036 он хүртэл ОХУ-ын төрийн эрхэнд суух бүрэн боломжтой болсон гэсэн үг юм. 24 жил төрийн эрхэнд суухдаа Владимир Путин өөрийн байр суурийг бат тогтоож чадсан гэж олон улсын судлаачид үздэг.
Хэдийгээр одоо өрнөж байгаа Украины дайнтай холбоотойгоор Владимир Путины нэр хүнд олон улсад ихээхэн унасан байгаа ч ирэх оны сонгуульд өрсөлдөхөд нь сөргөөр нөлөөлөх төлөв ажиглагдахгүй байна гэж мөн олон улсын шинжээчид тайлбарлаж байна.
Одоогоор Владимир Путинтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний нэр тодорхой болоогүй байгаа. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн ялын хугацаа өнгөрсөн наймдугаар сард дахин 19 жилээр сунгагдсан.
Гэхдээ тэрбээр өчигдөр сонгуулийн тов гарахтай зэрэгцэн онлайнаар “Путин л биш бол өөр хэнийг ч сонгосон болно” гэж дэмжигчдэдээ хандаж мэдэгдэл гаргасан байна.
Тэрбээр мөн цахим мэдэгдэлдээ үргэлжлүүлэн “Путин ирэх оны сонгуульд ялбал дайн үргэлжлэх нь баттай болно гэсэн үг. Үүнийг бид таслан зогсоох хэрэгтэй” гэж дурдсан байна.
Алексей Навальныйгийн дэмжигчид мөн өчигдрөөс Москва болон Санкт Петербург хотуудад “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн агуулгатай зарын самбаруудыг байрлуулж эхэлсэн. Ингэхдээ самбарууд дээр “Путингүй Орос улс” гэсэн гарчигтай, Путины эсрэг ухуулга бүхий QR кодуудыг давхар байршуулж өгсөн байна.
Гэхдээ самбаруудыг байрлуулснаас хойш тун удалгүй хотын захиргаанаас албадан буулгаж байгаа талаар "Associated Press" агентлаг мэдээлж байна.
Одоогийн байдлаар Владимир Путины эсрэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хоёр хүний нэр гараад байгаа нь Москвагийн нутгийн зөвлөлийн гишүүн Борис Надеждин болон Москвагийн захиргааны гишүүн байсан Екатерина Дунцова нар юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарчээ | ||
Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.