Шууд Chart

БНХАУ-ын экспорт өссөн үзүүлэлттэй байна

2023-12-08 16:28:42

Өнгөрөгч 11 дүгээр сарын байдлаар БНХАУ-ын экспорт өсөлттэй гарсан байна.

Энэ оны дөрөвдүгээр сараас хойш БНХАУ-ын экспорт дан буурсан үзүүлэлттэй байсны эцэст долоон сарын дараа анх удаа өслөө гэж эдийн засагчид тайлбарлаж байна.

Тэгвэл эсрэгээрээ нийт импортын хэмжээ буурсан байна.

БНХАУ-ын гадаад худалдаа энэ онд нэлээд царцанги байдалд байгаа. Тэр дундаа гадны эрэлт бага байгаагийн улмаас Хятадын экспорт үндсэндээ уналтад ороод байсан ч хамгийн сүүлд гарсан тооцооллоор гадны эрэлт өнгөрсөн сард тодорхой хэмжээнд өссөн болохыг эдийн засагчид тайлбарлаж байна.

Хятадын Гадаад худалдааны эргэлтийг нарийвчилсан тоогоор авч үзвэл, экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 0.5 хувиар өсөж, 292 тэрбум америк долларт хүрсэн байна.

Харин импорт өнгөрсөн жилийн мөн үеэс 0.6 хувиар буурч, 223 тэрбум америк доллараар хэмжигдэж байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар импорт гурван хувиар өссөн үзүүлэлттэй байсан юм.

Ерөнхийдөө Хятадын эдийн засаг, тэр дундаа гадаад худалдаа царцанги байдалд ороход гадны эрэлтээс гадна цар тахлын дараах үеийн сэргэлт удаан байгаатай холбож тайлбарлах шинжээч олон байна.

Ялангуяа Хятад улс цар тахлын жилүүдэд хилээ бүрэн хаах хатуу хориг урт хугацаагаар хэрэгжүүлснээр эдийн засаг тоймгүй хэмжээгээр удааширсан.

Эдийн засгийн нөхцөл байдлыг бодолцож Хятад улс өнгөрсөн онд энэ хоригоо цуцалсан юм.

Хятадын гадаад худалдаа ийм төлөвтэй байгаа бол зах зээл дээрх илүүдэл бүтээгдэхүүний хэмжээ 11 дүгээр сард 68 тэрбум америк долларт хүрсэн нь 10 дугаар сарын хэмжээнээс даруй 21 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Зарим эдийн засагч Хятадын экспортын хэмжээ өссөн нь сүүлийн нэг сард автомашин болон хөлөг онгоцны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ энэ өсөлт удаан үргэлжлэхгүй байх магадлалтай гэж таамаглаж буй юм байна.

Автомашин, хөлөг онгоцны олон улс дахь эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын компаниуд зохиомлоор үнээ бууруулсан тул экспортын өсөлт урт хугацаандаа нэмэргүй болов уу гэж харж байгаа юм байна.

2024 оны эхний хагаст экспорт эргээд буурна гэж мөн эдийн засагчид тооцоолж байгаа юм байна. Япон, Зүүн Өмнөд Азийн орнууд, Европын Холбоо, АНУ-тай хийх худалдааны харилцаа энэ онд аль хэдийн их хэмжээгээр буураад байсан.

Түүнчлэн Хятадын экспортын хэмжээ, гадны эрэлт сулрахад АНУ-ын Холбооны нөөцийн сан болон Европын төв банк инфляцыг барихын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн гэж зарим шинжээчид тайлбарлаж байна.

Гадаад худалдаанаас гадна Хятадын дотоодын эдийн засаг ч сул хэвээр байна. Ялангуяа үл хөдлөхийн салбар уналтад орсон хэвээр, томоохон компаниуд их хэмжээний өрөө төлөхөд хүндрэлтэй байна.

Хятадын төв банкнаас дотоодын эдийн засгийг сэргээхийн тулд зээлийн журмыг зөөлрүүлж, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа хүмүүст барьцааны хүүг багасгаж санал болгон, жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварын хэмжээг багасгах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр мөн дэд бүтцийн төслүүд, гамшгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдэд зориулж нэг их наяд юань буюу 330 тэрбум америк долларын бонд гаргана гэдгээ зарласан.

Хятадын дотоодын эдийн засаг удаашрахад үл хөдлөх салбарын уналт голчлон нөлөөлж байгаа шалтгаан нь энэ салбар оргил үедээ байхдаа Хятадын эдийн засгийн дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж байсанд оршдог гэж эдийн засагчид тайлбарладаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын экспорт өссөн үзүүлэлттэй байна   
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй