Шууд Chart

“КОП29” чуулганыг даргалахаар улс орнууд нэрээ дэвшүүлсээр байна

2023-12-08 17:19:57

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцдэг НҮБ-ын КОП28 чуулган АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж байна.

Чуулганаар хэлэлцэгдэх гол асуудлуудтай зэрэгцэн ирэх оны КОП29 чуулганыг аль улс даргалж, зохион байгуулах вэ гэдэг дээр саналаа өгсөөр байна.

Одоогоор хамгийн магадлал өндөртэй байгаа нэр дэвшигч улс нь Молдов улс. Молдов улсаас гадна Серби, Азербайжан улсууд энэ чуулганыг ирэх онд даргалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Молдов улс сайн дураараа ирэх оны КОП чуулганыг даргалахаар нэрээ дэвшүүлсэн. Зүүн Европын далайд гарцгүй энэ жижиг орон КОП шиг олон улсын хэмжээний томоохон чуулганыг зохион байгуулна гэдэг бодит нөхцөл байдалд нь нийцэхгүй гэж зарим хөрш орнууд нь харж, эсэргүүцэх төлөв ажиглагдаж байгааг олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.

Молдов улс нь урьд нь НҮБ-ын хэмжээний том чуулган зохион байгуулж байсан туршлагагүй орон. Тэгвэл зүүн Европын бас нэгэн орон болон Серби улс мөн ирэх оны чуулганыг даргалах, зохион байгуулах хүсэлтэй байгаагаа урьд нь илэрхийлж байсан ч одоо болж байгаа чуулганы үеэр албан ёсоор хүсэлтээ хараахан гаргаагүй байгаа юм байна.

Тэгвэл ирэх оны даргалагчийн суудалд нэрээ дэвшүүлээд байгаа бас нэг улс нь Евразийн зааг дээр оршдог Азербайжан улс юм. Азербайжан улс даргалах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Азербайжантай улс төр, геополитикийн хувьд тогтворгүй харилцаатай байдаг хөрш Армень улс нь Азебайжаны хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр улс чуулганы үеэр Азербайжаны чуулганыг даргалах асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан нь тогтворгүй харилцаагаа зөөлрүүлэх гэсэн сайн санааны илрэл байлаа гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Хоёр улс өнгөрсөн есдүгээр сард Арменьчууд голчлон нутагладаг Уулын Карабахт Азербайжан улсын түрэмгийлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор харилцаа нь хурцадмал байдалд ороод байсан юм.

Олон улсын зүгээс хоёр улс нэг нэгнийхээ даргалах хүсэлтийг эрс эсэргүүцэх байх гэж хүлээж байсан ч эсрэгээрээ бие биенээ дэмжсэн нь онцлог үйл явдал байлаа гэж олон улсын хэвлэлүүд дурдаж байна.

Зүүн Европ, Евразийн бүсийн эдгээр улсуудаас гадна ОХУ бүсчлэлээрээ ирэх оны КОП29 чуулганыг даргалах боломжтой ч Европын холбооны зүгээс ОХУ-ын даргалах хүсэлтэд хориг тавьснаар үндсэндээ боломжгүй болсон.

ОХУ-ыг дагаад Болгар улс Оростой найрсаг харилцаатай гэдэг утгаараа мөн ирэх оны чуулганыг даргалах боломжгүй болсон. Серби улс Оростой уламжлалт найрсаг харилцаатай ч Европын холбоонд элсэх өргөдлөө өгсөн нь хоригт орохгүй байх нэг үндэслэл болж байна.

Молдов улс мөн Европын холбоонд элсэх өргөдлөө өгсөн байгаа. НҮБ-ын КОП чуулган нь дэлхийн таван үндсэн бүсчлэл болох Ази, Европ, Африк, Америк, Номхон далайн орнууд гэсэн бүсчлэлээр жил болгон ээлжилж нэг улсыг сонгон зохион байгуулах, даргалах үүргийг олгодог уламжлалтай.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“КОП29” чуулганыг даргалахаар улс орнууд нэрээ дэвшүүлсээр байна   
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй