Шууд Chart

Владимир Путин ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв

2023-12-09 14:16:03

Оросын Холбооны Улсын Холбооны зөвлөлөөс Пүрэв гарагт ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 15-17-ны хооронд болж өнгөрнө гэдгийг баталсан.

Сонгуулийн тов зарлагдсаны дараа Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ, тав дахь удаагаа Ерөнхийлөгч болж, бүрэн эрхийн хугацаа нь үргэлжлэх нь баттай гэж олон улсад өндөр хүлээлт үүсээд байсан юм.

Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа талаараа Украины дайнд оролцcон байлдагчдад шагнал, цол тэмдэг гардуулах ёслолын ажиллагааны үеэр цэргүүдэд хандаж, мөн олон нийтэд хандаж мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Владимир Путинтай өрсөлдөх хүн тодорхой болоогүй байгаа. Хэн ч өрсөлдсөн бай Владимир Путин ялах нь тодорхой гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Одоо 71 настай Владимир Путин дахин Ерөнхийлөгч болбол 2030 онд 77 нас хүртлээ Ерөнхийлөгчийн албыг хашиж, Оросын түүхэнд Сталинаас хойш хамгийн урт удаан хугацаанд төрийн эрх барьсан удирдагчийн байр сууриа хадгалж үлдэнэ.

Тэрбээр анх 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болж, 2008 он хүртэл төрийн эрхэнд суусан юм.

Дараа нь 2008-2012 оны хооронд ОХУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад 2012 дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож, өдгөөг хүртэл бүрэн эрхийн хугацаа нь үргэлжилсээр байна.

Владимир Путин 2020 онд Оросын үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн нэг удаагийн хугацааг зургаан жил болгон сунгасан. Мөн нэмэлт өөрчлөлтийн дагуу өмнө эдэлсэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа түдгэлзүүлж, дахин хоёр ч удаа сонгогдох эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, Владимир Путин ирэх жилийн сонгуульд ялалт байгуулаад, түүний дараа 2030 оны сонгуульд дахин өрсөлдөх боломжтой, үндсэндээ 2036 он хүртэл төрийн эрхэнд суух бүрэн боломжтой гэсэн үг юм.

ОХУ-д Владимир Путины эсрэг сөрөг хүчин ихээхэн суларсан, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүхэлдээ шахуу Кремлийн мэдэлд очсон байгаа энэ цаг үед Владимир Путин Ерөнхийлөгч болоход саад тотгор үгүй гэж Их Британийн "Би Би Си" агентлаг мэдээлж байна.

Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч мөн Владимир Путины засаглалыг үргэлжлээсэй гэж хүсэж байгаа “гайхмаар” олон хүн байгаа гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв   
Үзсэн: 1117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй