Европын Холбооны албаныхан хиймэл оюун ухааны ашиглалтыг зохицуулах иж бүрэн хуулийн төсөл боловсруулж дууссанаа зарлалаа. Европын Холбооны дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон дэлхийд анхных нь болж байгаа энэ хуулийн төслөө “түүхэн” хэмээн нэрлэжээ.
ЕХ-ны гишүүн орнууд болон Европын парламентын депутатууд 30 гаруй цаг үргэлжилсэн хэлэлцүүлгийн эцэст хиймэл оюун ухааны салбарт дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг тодорхойлсон хуулийн төслөөр урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн юм байна. Энэ хүрээнд Европын Холбооны хэмжээнд хиймэл оюуны ашиглалтын аюулгүй байдлыг баталгаажуулах, энэ талын зохицуулалтыг батлахад хууль сахиулах байгууллагуудаас тавих хязгаарлалтын саналууд дээр тохирсон гэсэн үг юм байна. Тухайлбал, ChatGPT болон царайгаар таних горимтой холбоотой гол дүрэм журмуудыг эцэслэжээ. Тодруулбал ChatGPT шиг хиймэл оюун ухааны систем бүтээдэг компаниуд ил тод байдлын хяналтаар ордог байх, мөн хиймэл оюун ашиглаж бүтээгдсэн контентын талаар мэдээлэх үүрэгтэй болохоор тусгажээ. Мөн “хууль бус контент” үйлдвэрлэхгүй байх үүднээс загварчлал боловсруулах ёстой гэж заасан байна. Мөн царайгаар таних үйлдлийн системийг гэмт хэрэгтнүүдийг эрэн хайх болон алан хядах ажиллагаанаас сэргийлэх зорилгын үүднээс зөвхөн олон нийтийн газруудад ашиглахыг зөвшөөрөхөөр тусгасан байна. Үүнээс гадна хэрэглэгчдийн гомдол гаргах эрх, зөрчлүүдийг шийдвэрлэх хэм хэмжээ, торгууль шийтгэлийн хэмжээг мөн тодорхойлсон гэж байна.
Европын парламент энэ хуулийн төслөөрөө ирэх оны эхээр санал хураалт явуулах юм байна. Харин хууль хүчин төгөлдөр болж хэрэгжих хугацаа нь 2025 оноос наашгүй гэсэн тооцоотой байна. Европын комиссын дарга Урсула Фон Дер Ляейн хиймэл оюуны тухай энэ хууль хүмүүсийн аюулгүй байдал, эрх, эрх чөлөөнд хал балгүй технологийг хөгжүүлэхэд тус болно гэж мэдэгджээ. Мөн “хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд итгэл даахуйц эрх зүйн нэгдмэл үндэс суурь болж чадна” гэж тэрээр энэхүү баримт бичгийг үнэлж байгаагаа нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ илэрхийлсэн байна.
Одоогийн байдлаар АНУ, Их Британи, Хятад зэрэг улсууд хиймэл оюун ухааны ашиглалтыг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтыг батлахаар яаравчилж байгаа юм.
Европын Холбоо хиймэл оюун ухааны ашиглалтыг зохицуулах хуулийн төслөөр тохиролцжээ | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.