Шууд Chart

Украин улсын ерөнхийлөгч Аргентин улсад айлчилж байна

2023-12-10 11:41:44

Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский энэ амралтын өдрүүдээр Аргентин улсад айлчилж, шинэхэн сонгогдсон ерөнхийлөгч Хавьер Милейгийн үүрэгт ажлаа хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцох гэж байна. Зеленскийгийн хувьд анх удаа Латин Америкийн оронд айлчилж байгаа нь энэ юм. Уг айлчлалынхаа хүрээнд Украин улс Өмнөд Америкийн орнуудтай харилцаагаа ойртуулж, түншлэл холбоо үүсгэх зорилготой гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Хорин нэг дэх сардаа ОХУ-тай дайтаж байгаа Украин улс бөмбөрцгийн өмнөд хэсгийн орнуудтай харилцаа холбоогоо тэлэх сонирхолтой байгаа гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Тэр дундаа Африк, Ази, Латин Америкийн орнуудтай ойртож нөхөрлөх сонирхолтой байна гэж Ройтерс агентлаг мэдээлсэн. Ерөнхийлөгч Зеленский Аргентин явах замдаа Баруун Африкийн Кабо-Верде улсын ерөнхий сайд Улисс Силватай уулзаж, Оросын түрэмгийллийн эсрэг байр суурьтай байгаад нь талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Зеленский ирээдүйд олон улсын энх тайвны уулзалт зохион байгуулж, Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс гаргах хэлэлцээр байгуулах зорилготой гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Мөн 1991 онд Зөвлөлт Холбоот Улсаас тусгаар тогтнохдоо тогтоож байсан хилээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байдаг байна. Зеленский мөн Аргентинд Хавьер Милейгийн ерөнхийлөгчийн албаа хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбантай уулзах төлөвлөгөөтэй гэж Украины хэвлэлүүд мэдээлсэн.

Унгар улс нь Украиныг Европын Холбоонд элсэхийг эсэргүүцэж байгаа хоёр улсын нэг юм. Тиймээс энэ асуудал дээр Унгар улсын удирдагчтай уулзаж, үзэл бодлын зөрүүгээ арилгах хүсэлтэй байгаа гэж мөн дурдсан байна. Ирэх долоо хоногт эхлэх Европын Холбооны гишүүн орнуудын дээд түвшний уулзалтаар Украин болон Молдов улсуудтай хэлэлцээр эхлүүлж, гишүүнээр элсүүлэх эсэх талаар нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан харин Европын Холбооны дээд түвшний уулзалтын үеэр энэ талаар хэлэлцэх, Украиныг гишүүнээр элсүүлэхийг эсэргүүцэж байна гэж удаа дараа илэрхийлсээр байгаа юм. Ямартай ч Украин, Молдовын гишүүнчлэлийг хэлэлцэх шийдвэрт Европын Холбооны улсууд хаалттай маягаар санал өгнө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин улсын ерөнхийлөгч Аргентин улсад айлчилж байна  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй