Шууд Chart

КОП28: Олборлодог түлшний хэрэглээг багасгах талаар улс орнууд санал зөрөлдөв

2023-12-10 11:46:04

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж байгаа КОП28 чуулганы үеэр олборлодог түлшний хэрэглээг аажмаар багасгах гэрээ байгуулахаар хэлэлцсэн ч оролцогч улсууд санал зөрөлдсөний улмаас Бямба гарагийн хэлэлцүүлэг үр дүнд хүрч чадсангүй. Энэ удаагийн чуулганаар ирэх 30 жилдээ багтааж газрын тос болон байгалийн хийн хэрэглээг аажмаар багасган, бүрэн хэрэглээнээс гаргах талаар үндэстэн дамнасан анхны томоохон хэлэлцээрт хүрч чадах болов уу гэсэн хүлээлт үүссэн байгаа юм.

Дубайн КОП28 чуулганы үеэр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр төвлөрөхийн оронд олборлодог түлшийг онцгойлж хэлэлцсээр байна гэж Саудын Араб, ОХУ тэргүүтэй хэд хэдэн улсын төлөөлөгчид шүүмжлэнгүй байр суурь илэрхийлсэн байна. Харин нөгөө талд, АНУ, Европын Холбоо болон буурай хөгжилтэй, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улсуудаас бүрдсэн 80 орон КОП28 чуулганаар олборлодог түлшний хэрэглээг хязгаарлах гэрээ байгуулж чадвал хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг яваандаа багасгаж чадна гэж үзэж байгаа юм байна. КОП28 чуулганыг даргалж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын ерөнхийлөгч Султан Аль Жабер оролцогч улсуудыг хэлэлцээрийг эцэслэж батлахад яаравчлахыг хүсэж, хэлэлцээрээс гадна авч үзэх олон асуудал байгаа гэдгийг санууллаа. Чуулганд оролцогч томоохон олон улсын байгууллагуудын нэг болох газрын тос олборлогч орнуудын ОПЕК байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд бодит нөхцөл байдалтай уялдсан арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг санал дэвшүүлсэн байна. Жишээлбэл, бодит байдалтай нийцсэн шийдэл гэдэг нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөггүй, ядуурлыг алга болгоход чиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, урьдчилсан арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлсэн байвал зохино гэж дурдсан байна. ОПЕК мөн энэ долоо хоногийн эхээр оролцогч улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэрээ байгуулахдаа олборлодог түлшний талаар дурдахгүй байвал зохилтой гэсэн байр суурийг илэрхийлж, дан ганц олборлодог түлшийг буруутгаж, халахыг оролдсоноор өөр олон сөрөг үр дагавар үүсэж магадгүй гэж анхааруулсан. ОПЕК-ийн гишүүн Саудын Араб болон ОПЕК-той түншлэгч ОХУ олборлодог түлшний хэрэглээг үгүй хийхийн оронд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах технологи хөгжүүлье гэсэн санал дэвшүүлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

КОП28: Олборлодог түлшний хэрэглээг багасгах талаар улс орнууд санал зөрөлдөв  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй