Шууд Chart

Гал зогсоох тухай НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавив

2023-12-10 13:10:28

Газын зурваст хүмүүнлэгийн зорилгоор нэн даруй гал зогсооход уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл батлахад АНУ хориг тавилаа. АНЭУ-аас өргөн барьсан уг тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний 13 нь дэмжиж, Их Британи түдгэлзсэн байна. Эсрэг санал өгсөн Вашингтон улмаар, энэ асуудал дээр дипломатын хувьд ганцаардаж эхэлснийг хэвлэлүүд тэмдэглэж байна.

 АНЭУ-ын санаачилсан нэн даруй гал зогсоох шаардлага бүхий энэ тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлд оруулахын өмнөх ганц хоногийн дотор 97 улс дэмжиж гарын үсгээ зуржээ. Хуралдааны эхэнд НҮБ-ын енбд Антонио Гутерриш тогтоол батлах онц шаардлага тулгарсныг цохон хэлж, “дэлхий нийтээрээ, түүхийн хараа сонор ч бас энэ чигт хандсан”-ыг анхааруулж байжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Туйлын эгзэгтэй цаг үе тулж ирсэн учраас НҮБ-ын дүрмийн 99-р заалтыг үндэслэн Аюулгүйн зөвлөлд би захидал илгээсэн. Газын зурваст хүмүүнлэгийн тогтолцоо бүрэн сүйрч гамшгийн хэмжээний үр дагавар учрах өндөр эрсдэл нүүрлээд байна. Эндээс үүдэн олон нийтийн дэг журам бүхэлдээ алдагдаж, Египет рүү бөөндөө дүрвэх аюул эрсдэл үүснэ гэж бид үзэж байна. Эндээс гарах үр дагавар нийт бүс нутгийн аюулгүй байдалд гамшиг сүйдэл тарьж мэднэ гэдгээс бид болгоомжилж байна" гэдгийг онцоллоо.

Харин НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вүүд "Газын зурваст нэн даруй гал зогсоох нь “дараагийн дайны үрийг тарьсан хэрэг болно” гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Мөн Израил, Палестинчуудын аль аль нь энх тайван амьдрах урт удаан энх тайвныг АНУ тууштай дэмжих болно гэж мэдэгджээ. Их Британийн төлөөлөгч мөн АНУ-тай ижил байр суурь илэрхийлж “Хамас”-ын үйлдсэн харгис халдлагыг буруутгаагүй тул санал өгөхөөс түдгэлзсэн байр сууриа тайлбарласан байна. Хятад улс энгийн хүн амын амь насанд санаа зовниж байна гэж мэдэгддэг хэрнээ гал зогсоох тогтоолд хориг тавьж авцалдаагүй шийдвэр гаргасанд АНУ-ыг буруутгажээ.

НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вүүд "Харамсалтай нь бид энэ тогтоолыг дэмжих боломжгүй. 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэг Израилд халдаж, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд гээд 1200 гаруй хүнийг хөнөөсөн аймшигт террорист халдлагыг энэ тогтоолын төслийг боловсруулагчид яагаад орхигдуулсныг бид ойлгохгүй байна. Олон улс үндэстний маш олон тооны хүн амьдаараа шатаалгаж, буудуулж, бэлгийн хүчирхийллийн золиос болсон шүү дээ” гэж хэллээ.

НҮБ-д суугаа Израилын байнгын төлөөлөгч Гилад Эрдан “Гал зогсооно гэдэг бол бүх зовлон шаналал хэвээр үргэлжилнэ гэсэн үг. Гал зогсоосноор Газын зурваст Хамас-ын засаглалыг бэхжүүлнэ. Түүгээр зогсохгүй гал зогсоохыг уриалах нь олон улсын хамтын нийгэмлэг ХАМАС-ын санаатайгаар үйлдсэн харгислалуудыг уучлан өршөөж, Газын зурвасын иргэдийг дарладаг байдлыг нь хүлээн зөвшөөрсний дохио болно” хэмээлээ.

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский "Палестин-Израилын хямралын бүсэд гал зогсоох уриалгад дахин хаалт тавьснаараа АНУ-ын төлөөлөгчид Палестин, Израилын хүүхэд эмэгтэйчүүд гээд өчнөөн олон арван мянган энгийн иргэдэд төдийгүй, тэдэнд туслахаар чармайж байгаа НҮБ-ын ажилтнуудад цаазын ял оноолоо. Вашингтоны энэ үйлдлийг түүх шүүх болно” гэж ярилаа.

НҮБ-д суугаа Палестины байнгын ажиглагч Риад Мансур "Харамсаад ч барахгүй байна. Хүн ардын амь насаар зогсохгүй, бүс нутаг, дэлхий нийтийн энх тайван аюулд орсон энэ онц ноцтой хямралын нөхцөлд үүргээ биелүүлж дуу хоолойгоо хүргэх Аюулгүйн зөвлөлийн чармайлтыг дахин тасалдуулж байгаа нь сүйрэл юм” хэмээн онцоллоо.

Үүний зэрэгцээ “Хьюмен райтс уотч”, “Оксфам Америка” зэрэг олон улсын тусламжийн байгууллагууд, хүний эрхийн бүлгүүдийн зүгээс АНУ АЗ-н тогтоол хориг тавьсныг буруутгаж байна. “ “Хил хязгааргүй эмч нар” байгууллага АНУ-ыг “хүнлэг ёсны эсрэг санал өглөө” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гал зогсоох тухай НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавив  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй