Шууд Chart

IFJ: 2023 онд дэлхийн даяар хэвлэл мэдээллийн салбарын 94 ажилтан амь эрсдэв

2023-12-10 13:27:16

Энэ 2023 онд дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоог ОУСХ байгууллага нийтлэжээ. Энд мэдээлснээр, 94 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн бол, өөр 400 шахам нь торны цаана хоригдож байгаа дүн гарчээ.

Дэлхий даяарх сэтгүүлчдийн төлөөлөл болдог энэ тэргүүлэх байгууллага ийм олон сэтгүүлч амь эрсэдсэн дүнд цочирдож, туйлаас харуусаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн сүүлийн хоёр сар гарны туршид үргэлжилж байгаа Израил-Хамасын дайны хөлд 68 сэтгүүлч амь үрэгдсэн нь сүүлийн 30 жилд аль ч хямрал мөргөлдөөний үед гарч байгаагүй харуусалтай тоо баримт болж байгааг онцоллоо. Тэрчлэн ХМХ-үүдийн ажилтнуудын хамгаалалтыг сайжруулж, гэм буруутай этгээдүүдийг хариуцлагад татахыг тус байгууллагын зүгээс уриалж байна. Сэтгүүлчдийн хамгааллыг дэлхийн хэмжээнд шинэ түвшинд гаргаж, олон улсын хууль эрх зүйн зохицуулалтыг илүү үр дүнтэй болгох шаардлага хэзээ ч ийм хурцаар тавигдаж байсангүй” гэж ОУСХ-ны Ерөнхийлөгч Доминик Прадали мэдэгдсэн байна. Тус байгууллагын мэдээгээр, 10-р сарын 7-нд Хамас бүлэг Израилд халдан довтолсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 68 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэджээ. Энэ нь дэлхийн хэмжээнд амиа алдсан энэ салбарынхны нийт тооны 72 хувь буюу өдөрт нэгээс илүү тооны сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтан амь эрсэдсэн гэсэн үг болж байгаа юм байна. Тэр дундаа Газын зурваст ажиллаж байсан Палестины сэтгүүлчид дийлэнх нь байгааг тэмдэглэсэн байна. Сүүлийн хоёр жил шахмын туршид дайны байдалд байгаа Украин улс сэтгүүлчдэд хамгийн аюултай орны нэг хэвээр, энэ онд гэхэд гурван сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагын хоёр ажилтан амь үрэгджээ. Оны туршид Афганистан, Филиппин, Энэтхэг, Хятад, Бангладеш улсуудад мөн ХМХ-үүдийн төлөөлөгчид амь эрсэдсэн хэргүүд бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ нийт 393 хэвлэл мэдээллийн ажилтан шоронд хоригдож байгаа бол, тэдний дийлэнх хувь буюу 80 сэтгүүлч Хятад болон Хонгконгт, Мьянмарт 54, Туркт 41, Орост 40 гэхчлэн жагсаалтыг мөн нийтлүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

IFJ: 2023 онд дэлхийн даяар хэвлэл мэдээллийн салбарын 94 ажилтан амь эрсдэв   
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй