Шууд Chart

Унгар улс: Европын холбоо Украин улсыг элсүүлэхийн тулд “босгоо намсгаж” байна

2023-12-14 16:03:07

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Украин улсыг Европын Холбоонд элсүүлэхийг хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Украин улс дайн хийж, авлигыг хавтгайруулж, Украин дахь Унгарын үндэсний цөөнхөд ялгамжтай хандсан байж хэзээ мөдгүй Европын Холбоонд элсэх гэж байгааг нь яавч хүлээн зөвшөөрч чадахгүй гэж Лхагва гарагт мэдэгдсэн байна. Өнөөдөр эхлэх Европын Холбооны удирдагч нарын дээд түвшний уулзалтаар Украиныг гишүүнчлэх талаар хэлэлцэнэ.

Европын Холбооны удирдагчдын дээд түвшний уулзалтаар Украины гишүүнчлэлийн асуудлаар голчилж хэлэлцэхээс гадна 2024 онд Украин улсад 54 тэрбум еврогийн санхүүжилт олгох, цэргийн тусламжийн 24 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгө оруулах эсэх талаар хэлэлцэн гэсэн төлөвлөгөөтэй байна. Украин улсын хувьд Унгар улс гишүүнэлчлэлийг нь эсэргүүцвэл энэ долоо хоногт учирч байгаа хоёр дахь том эсэргүүцэл нь болох юм. АНУ Украин улсад цэргийн нэмэлт 61 тэрбум америк долларын тусламж олгох шийдвэрийг бүгд найрамдах намын хууль тогтоогчид эсэргүүцсэн. Унгар улс Украины гишүүнчлэлийг эсэргүүцсээр байгаа ч Европын Холбооны бусад гишүүн 25 орон Украиныг дэмжсээр байна. Саяхан энэ долоо хоногт дахин сонгогдсон Польш улсын ерөнхий сайд Доналд Туск Украиныг хөсөр хаяна гэдэг байж боломгүй зүйл гэдэг байр суурийг илэрхийлсэн. Зарим олон улсын шинжээчид Европын Холбоонынхон Унгар улсаар Украины гишүүнчлэлийг дэмжүүлэхийн тулд зарим нэг арга хэмжээг авч магадгүй гэж таамаглаад байна. Жишээлбэл, Европын Холбооны Унгарт олгодог санхүүжилтээс 30 тэрбум еврог хязгаарлаад байсан. Гэхдээ энэ удаагийн уулзалтыг тохиолдуулж энэ хязгаарлалтаас 10 тэрбум еврогийн санхүүжилтыг сэргээж, Унгарт хөрөнгө оруулна гэж Европын Комисс мэдэгдсэн. Санхүүжилтын асуудлыг нь шийдэж өгснөөр Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны байр суурийг зөөлрүүлэх гэж оролдож байна гэж ажиглагчид харж байна. Украиныг дэмжиж байгаа Европын Холбооны улсууд дотор Украинд цэргийн тусламж үзүүлэхээ больсон Словак улс ч багтаж байгааг олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна. Украины ерөнхийлөгч Зеленский АНУ-аас хүссэн үр дүнгээ үзэж чадалгүй буцсанаас хэдэн цагийн дараа Европын Холбооны ерөнхийлөгч Урсула Фон дер Ляейн Европын Холбоог Украинд бүх хэрэгцээтэй талаар нь туслах ёстой гэсэн мэдэгдэл хийсэн байна. Зеленский АНУ-аас хөдлөөд Норвег улсад айлчлах үеэрээ Европын Холбоонд элсэхийг маш их эрмэлзэж байгаа, бүх шаардлагыг хангасан, бүх талаар хичээж ажилласан гэдгээ хуваалцжээ. Гэвч энэ мэдэгдлийг Унгар улсын зүгээс няцааж, Европын Холбоог Украины өмнө гишүүнчлэлийн босгоо намсгалаа гэж буруутгасан байна.

Өнгөрсөн Ням гарагт Аргентин улсын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр ерөнхийлөгч Зеленский Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзаж, түүний санаа бодлыг зөөлрүүлэхээр нухацтай ярилцсан. Унгарын байр суурийг зөөлрүүлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт мөн Украин Унгарын үндэсний цөөнх болон бусад үндэсний цөөнхийг өөрсдийн эх хэл дээр боловсрол эзэмших эрхийг хуульчлах төсөл боловсруулж баталсан. Европын Холбооны шаардлагыг хангахын тулд авлигатай тэмцэх хууль мөн шинээр баталсан байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгар улс: Европын холбоо Украин улсыг элсүүлэхийн тулд “босгоо намсгаж” байна   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй