
Армени, Азербайжан улсууд хэдэн арван жил үргэлжилсэн тогтворгүй харилцаагаа хэвийн болгох үүднээс дайны хоригдлуудаа хил дээрээ харилцан солилцсон байна. Азербайжан улс 2020 оноос хойш баригдсан 32 армени хоригдлыг сулласан бол Армени улс өнгөрсөн 4-р сараас хойш хоригдож байсан 2 азербайжан цэргийг суллажээ. Хоёр улсын харилцаа өнгөрсөн 9-р сард Уулын Карабахын маргаант асуудлын улмаас хурцдаад байсан ч НҮБ-ын КОП28 чуулганы үеэр харилцаагаа сэргээхээр оролдож байгаагаа харуулсан юм.
Хоёр улс хилийн зурваст хоригдлуудыг харилцан солилцох үед олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ажилчид хоригдлуудын биеийн байдлыг үзэж, хэвийн байгааг нь тогтоосон байна. Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр хоёр улс хилийн зурвасаас цэргүүдээ татахаар хэлэлцэж байгаа юм байна. Хоригдлуудаа харилцан солилцох талаараа Армени болон Азербайжан улс өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, харилцаагаа хэвийн болгож, үндэстний тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын зарчим дээр тулгуурлаж энхийн гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн сард Армени улс Азербайжаны мэдэлд 55 армени иргэн хоригдож байгаагийн 6 нь энгийн иргэн, 41 нь цэргүүд, 8 нь салан тусгаарлагч бүлгэмийн удирдагчид байсан байна. Эдгээр 55 хоригдол 9-р сард дэгдсэн уулын Карабахын мөргөлдөөний үеэр баривчлагджээ. Кавказын нурууны өмнөд бэлээр оршдог хөрш зэргэлдээ энэ хоёр улс сүүлийн 30 жилд уулын Нагарно-Карабахын газар нутгийн асуудлаар 2 ч удаа дайтсан. Азербайжаны харьяатад байдаг арменийн үндэсний цөөнх 1990-ээд онд салан тусгаарлаж, Нагарно-Карабахт де факто тусгаар тогтнолоо зарласнаар хоёр улсын дундах маргаан эхэлсэн байдаг. Азербайжан улс Нагарно-Карабахыг хүчээр эзлэн авахад тэнд нутаглаж байсан 120 мянган армени үндэстэн Армени улс руу дүрвэн гарсан байдаг. Хоёр улс энэ харилцаагаа зөөлрүүлэхээр хоригдлуудаа солилцсон мэдээнээс хоёр улсыг эвэрлүүлэх оролдлого хийж байсан Европын Холбоо болон АНУ сайшаан хүлээн авсан байна.
Армени, Азербайжан улсууд олзлогдогсод солилцов | ||
Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.