Шууд Chart

Хоёр долоо хоног чуулсан COP28 бага хурал өндөрлөлөө

2023-12-14 16:35:28

Хоёр долоо хоногийн турш Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан КОП28 чуулган Лхагва гарагт албан ёсоор өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган НҮБ-ын бусад уур амьсгалын чуулганаас илүү өргөн цар хүрээтэй болж өнгөрсөн гэдгээрээ онцлог байлаа. Энэ чуулганаар улс орнуудыг олборлодог түлшний хэрэглээгээ багасгахыг уриалсан баримт бичгийг баталж чадсан. Гэхдээ хэзээнээс олборлодог түлшний хэрэглээг багасгах, хэр хэмжээтэй багасгахыг хараахан зааж өгсөнгүй. Ингээд КОП28 чуулганы ололттой хэсэг болон хангалттай үр дүнд хүрч чадаагүй хэсгүүдээс танилцуулъя.

Чуулганаар олборлодог түлшнээс ялгардаг метаны хийн бохирдлыг багасгана гэсэн шийдвэрт хүрсэн. Метан нь нүүрсхүчлийн давхар ислийг бодвол хүлэмжийн хийг 30 дахин их хадгалж, улмаар дэлхийн дулаарал явагдахад хүргэдэг. Метан ялгаруулалтаар дэлхийд тэргүүлдэг АНУ, Бразил улсууд хүлэмжийн хийг хэрхэн зохицуулах, метаны хийг хэрхэн багасгах тал дээр өөрсдийн арга барилаас хуваалцсан байна. Үүнд, метаны хийн ялгарлыг тогтмол хянаж байх төхөөрөмж, агаарт дэгдэмхий хийг тогтоон барих төхөөрөмжийг танилцуулж, метан их ялгаруулдаг аж үйлдвэрийн болон ахуйн ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээ авч болно гэж дурдсан байна. Чуулганд оролцсон хувийн компаниуд ч мөн энэ баримт бичигт гарын үсэг зурж, 2050 он гэхэд метаны хийн бохирдлыг ор мөргүй алга болгоно гэж амлалаа. Үүнээс гадна 2030 он гэхэд сэргээгдэх цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг энэ чуулганаар баталгаажууллаа. Үүний тулд дэлхий даяар 2030 он гэхэд 10 их наяд америк долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үүссэн байгалийн гамшигт нэрвэгдсэн улсуудад гамшгийн дараах сэргээн босголтод зориулах шинэ олон улсын сан байгуулахаар тохиролцоонд хүрлээ. Одоогоор донор орнууд 700 сая доллар эхний ээлжинд амлаад байгаа ч гамшгийн тусламжийн байгууллагууд энэ санд жил бүр 400 тэрбум  доллар хэрэгтэй гэдгийг тодрууллаа. Мөн гамшгийн эрсдэлт бүсийн орнуудад гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг нь нэмэгдүүлэхийн тулд жил бүр 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байхаар улс орнууд тохиролцож чадсан байна. Эдгээр эерэг үер дүнгийн хажуугаар хэд хэдэн хангалтгүй үр дүн чуулганы эцэст тунаж үлдлээ гэж ажиглагчид дурдаж байна. Жишээлбэл, Олборлодог түлшний хэрэглээг багасгах талаар чуулганаар нэгдсэн баримт бичиг баталж чадсан ч үүндээ “эрчим хүчний системүүдийг олборлодог түлшний хэрэглээнээс шударга, дэс дараатай, эрх тэгш байдлаар холдуулах алхмуудыг түргэтгэх замаар эрдэм шинжилгээний мэдээ баримтуудад түшиглэн 2050 он гэхэд энэ төрлийн хэрэглээг тэглэх” гэж дурдаж өгсөн ч хэзээ олборлодог түлшний хэрэглээг багасгаж эхлэх, жишиг нь юу болох, хэр их хөрөнгө оруулалт хийх ёстой зэрэг баримт бичигт байх ёстой нарийн мэдээлэл, зорилтуудыг дурдаж өгөөгүй нь энэ удаагийн олборлодог түлшний хэлэлцээр хүчин чадлын хувьд сул байна гэж дүгнэхэд хүргэж байна гэж чуулганы ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр долоо хоног чуулсан COP28 бага хурал өндөрлөлөө  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй