Шууд Chart

Японы Засгийн газрын 4 сайд улстөрийн санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас огцров

2023-12-15 10:52:30

Японы эрх баригч нам доторх улстөрийн санхүүжилттэй холбоотой дуулиан шуугиан газар авснаар энд нэр холбогдсон дөрвөн ч сайд огцрохоор болж байна.

Ерөнхий сайд Фумио Кишидагийн Шадар бөгөөд Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хироказу Мацуно болон бусад сайд, өндөр албан тушаалтнууд ажлаа өгөхөөр болж байна.

Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура, Дотоод хэргийн сайд Зюнзи Сүзүки, ХАА-н сайд Ичиро Мияшита нараас гадна өөр таван ч дэд сайд энэ халаа сэлгээнд өртсөн талаар Японы хэвлэлүүд мэдээлж байна.

Тэд бүгд эрх баригч нам доторх, тэр дундаа Ерөнхий сайд Абэ Шинзо агсны тэргүүлж байсан хамгийн том фракцийн улстөрчид байна.

Улстөрийн санхүүжилтийн хувь хэлбэрээр намынхаа данснаас 500 сая орчим иен буюу 3.5 сая долларын хөрөнгө завшсан хэргээр тэдэнд хууль сахиулах байгууллагууд эрүү үүсгэн шалгаж эхэлснийг мэдээний бүх агентлаг дамжуулж байгаа.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, сайд нарын танхимын Нарийн бичгийн дарга Мацуно сүүлийн 5 жилд фракцийнхаа хөрөнгө босгох арга хэмжээний орлогоос 10 сая орчим иен буюу 70600 ам.долларыг хувийн сандаа гуйвуулж авсан, энэ асуудалд холбогдсон албан тушаалтнууд бүгд энэ орлогоо тайлагнаагүй байна.

Японы хуулиар намын санхүүжилтийн орлогоос татаас авах, хууль тогтоогчдод хувь олгосноо зохих журмын дагуу мэдүүлээгүй бол 5 хүртэл жилийн хорих заалттай хууль бус үйлдэлд тооцогддог байна.

Ерөнхий сайд Фумио Кишида дуулиан шуугианыг эцэслэж байдлыг хяналтдаа авахын тулд халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдэж байсан.

Мөн энэ хэрэг явдлаар улстөрийн үл итгэлцэл ихсэж байгаад харамсаж, байдлыг засч залруулах алхмууд шуурхай авах болно гэжээ.

Асуудал дэгдсэний дараагаас Фумио Кишидагийн Засгийн газрын нэр хүнд 23 хувь болтлоо буурсныг NHK-ээс явуулсан судалгааны дүн харуулсан байна.

Одоогоос хоёр жилийн өмнө албаа хүлээж авсан Фумио Кишидагийн танхимын хувьд энэ хамгийн доогуур үзүүлэлт юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Засгийн газрын 4 сайд улстөрийн санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас огцров   
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй