Шууд Chart

АНУ-ын Сенат ирэх жилийн батлан хамгаалахын төсвийг 886.3 тэрбум ам.долларт батлав

2023-12-15 11:01:38

АНУ-ын Сенат улсынхаа ирэх оны батлан хамгаалах төсвийг урьд үзэгдээгүй өндөр буюу 886.3 тэрбум долларт байх төслийг баталсан байна.

Сенатын 100 гишүүний 87 нь дэмжиж, 13 нь эсэргүүцсэнээр энэ төсөл батлагджээ. Мөн 886 тэрбум гэдэг энэ дүн өнгөрсөн оныхоос гурван хувиар буюу 28 тэрбумаар өсгөсөн хэмжээ юм байна.

Нийт 3000 гаруй хуудас энэ баримт бичгийг одоо Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд батлуулахаар оруулах юм байна.

Энэ төсвийн төсөлд Украинд үзүүлэх цэргийн тусламжийн 300 сая доллар багтсан. Мөн шаардлагатай тохиолдолд 2025 оны санхүүгийн жилд мөн нэмэлтээр 300 саяыг хуваарилахаар хууль тогтоогчид төлөвлөж буй аж.

Гэвч энэ дүн нь Ерөнхийлөгч Жо Байдений Киевт туслах зорилгоор Конгрессоос хүссэн боловч гацаанд ороод байгаа 61 тэрбум доллартай харьцуулахад өчүүхэн дүн гэдгийг “Ройтерс” тэмдэглэсэн байна.

Мөн цэргийн албан хаагчдын цалинг 5.2 хувиар нэмэхээр тусгасан нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр дүнтэй нэмэгдэл болохоор байгааг хэвлэлүүд онцолсон байна.

Төлөөлөгчдийн танхим болон Сенатаас боловсруулсан Батлан хамгаалах зардлын төслүүдийг хооронд нь нарийвчилж нэгтгэхээр Конгресст хоёр танхимын төлөөлөгчдөөс бүрдсэн комисс ажилласан байна.

Улмаар төсвийн төслийг энэ долоо хоногтоо багтаж хоёр танхимаар эцэслэн баталж Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зуруулахаар өргөн барина гэж хууль тогтоогчид найдаж байгаа юм байна.

Батлан хамгаалах төсвийн нэгтгэн зангидсан хувилбарыг Конгресс ихэвчлэн богино хугацаанд баталдаг байна.

Төсвийн зардлын хэмжээг тогтоодог төсвийн захиран зарцуулалтын тухай хуулийн төслөөс ялгаатай нь Үндэсний батлан хамгаалах эрх олгох энэ хууль нь цэргийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхээс авахуулаад хөлөг онгоц, зэвсэг техник, нисэх онгоц худалдаж авах, мөн Украинд тусламж үзүүлэх, Энэтхэг, Номхон далайд Хятадыг тогтоон барих зэрэгтэй холбоотой бүх зардлыг тусгадаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Сенат ирэх жилийн батлан хамгаалахын төсвийг 886.3 тэрбум ам.долларт батлав   
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй