
Европын холбоо Украинтай гишүүнчлэлийн хэлэлцээ өрнүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Украинтай гишүүнчлэлийн хэлэлцээ эхлүүлэх гэж хэдэн сар Унгар улсын эсэргүүцэлтэй тулгарсны эцэст энэ улс Европын холбооны нэг хэсэг болох үүд хаалга нээгдэж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский гишүүнчлэлийн хэлэлцээ хийх боломжтой болсноо ялалт гэж харж байгаагаа илэрхийлсэн байна.
Уг шийдвэрийг Европын холбооны 27 гишүүн орны удирдагчид Брюссель дэх дээд түвшний уулзалтынхаа үеэр гаргажээ.
Уулзалтыг даргалж байгаа Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель Украины гишүүнчлэлийн хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг цахим хаягаараа дамжуулан олон нийтэд цацаж, “Манай тивийн ард түмэнд итгэл найдвар үлджээ” гэсэн тайлбар хамтад нь оруулсан байна.
Володимир Зеленский энэ шийдвэрийг Украины ялалт төдийгүй Европын ялалт гэж мөн цахим хуудсандаа жиргэсэн байна.
Европын холбооны Ерөнхийлөгч Урсула Фон дер Ляеин энэ шийдвэрийг Европын холбооны түүхэнд тодоор сийлэгдэн үлдэх стратегийн өндөр ач холбогдолтой шийдвэр байлаа гэж мөн илэрхийлжээ.
Германы канцлер Олаф Шольц Украиныг Европын гэр бүлийн гишүүн гэж тодорхойлсон байна.
Харин Украины гишүүнчлэлийг эсэргүүцсээр байсан Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан санал хураалтын үеэр чуулганы танхимд байхгүй байхыг илүүд үзэж гарч явсан байна.
Тэрбээр Украины гишүүнчлэлийг эсэргүүцэж, бусад гишүүн орнуудыг буруу шийдвэр гаргаж байна гэж шүүмжилдэг ч санал хураалтад хориг тавих боломжгүй байсан юм.
Виктор Орбан мөн хурлын үеэр хэлэлцэгдэх Украинд олгох 50 тэрбум еврогийн мөнгөн тусламжийг эсэргүүцнэ гэдгээ баталгаажуулж илэрхийлсэн.
Володимир Зеленский энэ долоо хоногийн эхээр АНУ-д айлчилж, нэмэлт тусламжийн асуудлаар АНУ-ын дээд албан тушаалтнуудтай уулзсан ч конгрессоос нааштай хариу сонсож чадаагүй.
Тэгвэл Европын холбооны зүгээс одоо л Украинтай хэлэлцээ хийж, нэмэлт тусламж олгохгүй бол дайсагнагч Оросын талд хожил болно гэж анхааруулж байна.
Украин улс дайн эхэлсний дараа 2022 оны хоёрдугаар сард Европын холбоонд элсэх өргөдлөө өгч, зургаадугаар сард гишүүнд нэр дэвшигчийн статустай болсон.
Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ дахь айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамтарсан мэдэгдэл хийхдээ Оростой хийж байгаа дайнд Украин улс дэлхий нийтийн өмнөөс оролцож байгаа, Украин дайны фронтод байлдаж байгаа учраас Оросын түрэмгийлэл Европ руу тэлээгүй гэж мэдэгдсэн юм.
Украин улс Европын холбоонд гишүүнээр элссэнээр Европын холбооны хил үндсэндээ ОХУ болон Беларусийн хил дээр тулж ирнэ гэсэн үг.
Европын холбоо Украин улстай гишүүнчлэлийн хэлэлцээ өрнүүлнэ | ||
Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.