
Олон улсад өнөөдөр Израил-Хамасын дайн, Орос-Украины дайнтай нийлээд жижиг, том 28 өөр дайн болж байна.
Зэвсэгт мөргөлдөөн улам бүр харгис ширүүн, хурцадмал болохоос гадна уур амьсгалын өөрчлөлт, улс орнуудын өрийн асуудал, эдийн засгийн хямралт байдал гээд олон улсын хүмүүнлэгийн нөхцөл байдал 2024 онд улам муудах эрсдэлтэй байгааг Олон улсын аврах ажиллагааны комиссын тайланд дурдсан байна.
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй уг олон улсын байгууллагын явуулсан судалгаагаар нэн ялангуяа Африк тивийн орнуудын хүмүүнлэгийн нөхцөл байдал улам муудна гэж тооцоолсон байна.
Энэ онд л гэхэд дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай хүмүүсийн тоо 300 саяар нэмэгджээ.
Олон улсын аврах ажиллагааны комиссын Ерөнхийлөгч Дэйвид Милибанд өнөө цагийг хүмүүнлэгийн хувьд хамгийн муу цаг үе гэж тодорхойлжээ.
Хүмүүнлэгийн нөхцөл байдал туйлдаа хүрсэн газруудыг сүүлийн долоон сарын турш дайн дажинтай байгаа Африкийн Судан улс тэргүүлсэн бол удаах байрт мөн л дайны хөлд нэрвэгдсэн Палестины нутаг дэвсгэр оржээ.
Тэдний араас Саб-Сахарын 10 орон, араас нь цэргийн дарангуйллын асуудалтай байгаа Мьянмар улс, Талибан засаглалтай Афганистан, Сири, Ливан, Украин, Латин Америкийн Экуадор, Хаити зэрэг орнууд жагсжээ.
Эдгээр хорь орчим улс дэлхийн хүн амын 10 хувийг л бүрдүүлдэг ч дэлхийн нийт хүмүүнлэгийн тусламжийн 86 хувь нь нэн шаардлагатай бүсүүд юм байна.
Мөн дэлхий дээрх нийт дүрвэгчдийн 70 хувь нь эдгээр улс орнуудыг орхин гарчээ.
Судан улс өнгөрсөн жил энэ жагсаалтад огт дээгүүр багтаагүй байсан ч энэ онд нэгээр гарч ирсэн нь өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн дайнаас үүдэж тус улсын хүмүүнлэгийн нөхцөл байдал эрс муудсанаас болсон байна.
Мөн дайн дажинтай байгаа ч олон улсаас хангалттай анхаарлыг хандуулахгүй, мөргөлдөөнийг зогсооход олон улсын хүчин чармайлт сул байгаа нь ч нөлөөлж байна гэж олон улсын байгууллагаас үзжээ.
Удаах байрт орсон Палестины нутаг дэвсгэрүүдийн нэг болох Газын зурвас нь 2024 онд энгийн иргэдийн хувьд хамгийн аюултай газар болж хувирна гэж тайланд тэмдэглэсэн байна.
Энэ жагсаалтад дээгүүр байрт орсон зарим Африк тивийн орнууд нийгэм, эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж байгаа, аливаа дайн мөргөлдөөнгүй байгаа ч уур амьсгалын өөрчлөлт болон Номхон далайн Эль Нино урсгалын улмаас цаг уурын онц ноцтой үзэгдэл, байгалийн гамшигт өртөж хохирч байгаа нь жагсаалтын дээгүүр бичигдэхэд хүргэжээ.
Латин Америкийн орнуудын хувьд хар тамхины хууль бус наймаа цэцэглэн хөгжсөн, дээрмийн бүлэглэлүүдийн аюул заналхийлэл ихтэй, эдийн засгийн хямрал, инфляц тэнгэрт хадсан гэдэг утгаараа энэ жагсаалтад багтсан байна.
2024 онд олон улсын хүмүүнлэгийн нөхцөл улам хүндрэх эрсдэлтэй | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.