
Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жилийн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.
Тус хэвлэлийн бага хурлаар Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хийж байгаа дайны талаар, Оросын батлан хамгаалах салбарын талаар, мөн барууны орнуудтай ямархуу түвшинд харилцаж байгаа талаар, Хятадтай ямар түвшинд харилцаатай байгаа болон бусад асуудлаар ярилцлага өглөө.
Украинтай хийж байгаа дайны талаар Владимир Путин өмнөх зорилгоо өөрчлөөгүй гэдэг тайлбарыг өглөө.
Владимир Путин "Энэ дайнд цэг тавьж, энх тайван цогцлоох боломжтой. Үүний тулд манай улсын баримталж байсан өмнөх зорилгод ямар ч өөрчлөлт гараагүй. Бид Украиныг цэрэггүй, төвийг сахисан бүс болгох болно. Энэ тал дээр Украин зөвшилцөлд хүрэхээс татгалзвал бид цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй гэсэн үг. Энх тайванд хүрэх хоёрхон л зам бий. Нэг бол яриа хэлэлцээний аргаар шийдэх, үгүй бол хүч хэрэглэх гэсэн сонголт л байна" гэжээ.
Тэрбээр одоо Украины фронтод байлдаж байгаа цэргийн хүчээ ямагт өсөн нэмэгдэж байгаа гэж дүгнэсэн байна.
Оросын армид гараа өргөн элсэж эх орноо хамгаалах залуусын тоо буураагүй гэж мөн тайлбарлалаа.
Сайн дурынхантай нийлээд нэг сая орчим цэргийн хүч байна гэдгийг ч дурдсан байна.
Барууны орнуудын тухайд тэрбээр Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-г онцолж, Украиныг гишүүнээр элсүүлэх замаар Оросын хилд тулж ирж заналхийлж байна гэж дүгнэсэн байна.
Ийм нөхцөлд барууны орнуудтай нааштай харилцаа тогтоох боломжгүй гэдэг байр суурийг ч илэрхийлсэн байна.
Владимир Путин мөн Газын зурвасын асуудлаар Оросын байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлаад буцсан. Энэ хугацаандаа Газын зурвасын Рафах боомтод Оросын эмнэлгийг барих боломжтой гэдэг санаа дэвшүүлж, Египет болон Израилын удирдагчидтай энэ талаар ярилцсан байна.
Египетийн удирдагч Владимир Путины саналыг дэмжсэн бол Израилын тал дэмжээгүй байна.
Гэхдээ энэ санаагаа орхихгүй гэдгээ Владимир Путин мэдэгдлээ.
Хятадтай харилцах харилцааны хувьд хоёр улс түүхэн дээд түвшиндээ найрсаг харилцаж байна гэж тодорхойлсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч жилийн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв | ||
Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.