
Төрөлт эрс багассан үзүүлэлтээр БНСУ дэлхийд дээгүүрт бичигддэг.
Төрөлт бага, залуус гэр бүл зохиох нь багассан, хүүхэдгүй хосуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа, хүн амын дундаж наслалт жил ирэх тусам улам хөгширч байгаа энэ улсад хүн амзүйн өөрчлөлт явагдахаас гадна хүн амын тоонд ч нөлөөлж эхэлсэн байна.
Өмнөд Солонгос одоо 51 сая 600 мянга орчим хүн амтай. Энэ тоон дээрээ гацаад мөн удаж байна.
Тэгвэл судалгаагаар 2072 он гэхэд Өмнөд Солонгосын хүн ам 36 сая болж буурна гэсэн төлөв гарчээ.
2022 оны байдлаар Өмнөд Солонгост 65-аас дээш насны иргэдийн тоо нийт хүн амын 17 хувийг эзэлж байсан байна.
Тэгвэл 2072 он гэхэд 65-аас дээш насны иргэдийн тоо нийт хүн амын 48 хувь буюу бараг тэн хагасыг эзлэх төлөвтэйг Өмнөд Солонгосын Үндэсний статистикийн газраас тооцоолжээ.
Одоогоор царцанги байдалд байгаа хүн амын өсөлт 2025 оноос эхэлж аажмаар буурна гэж мөн тайланд дурджээ. Тодруулбал, 2025 онд хүн амын өсөлт 0.16 хувиар буурах бол 2072 онд энэ тоо 1.31 хувь болж нэмэгдэх юм байна.
Хүн амын өсөлт буурахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох төрөлт 2022 оны байдлаар 0.78 хувь байж, түүхэн доод үзүүлэлтэд хүрсэн байна.
Бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад энэ бол асар бага тоо юм. Өмнөд Солонгосын хүн амыг 50 саяын босгон дээр тогтвортой барихад төрөлтийн хувьд багадаа 2.1 хувь байх ёстой гэж тооцоолдог ч бодит байдал энэ тооноос хол зөрж байна.
2022 онд Өмнөд Солонгост 250 мянган нярай мэндэлсэн бол 2025 онд 220 мянган нярай мэндэлнэ гэж тооцоолсон байна.
Ингээд цаашдаа жил ирэх тутам энэ тоо багассаар мөн л 2072 он гэхэд жилд 160 мянган нярай мэндлэх прогнозтой байна.
Хүн амын наслалт нэмэгдэж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд ч хурцаар нөлөөлж байна.
2022-2032 оны хооронд ажил идэвхтэй эрхлэх насны иргэд гурван саяар буурах бол эсрэгээрээ ахмад ажилчдын тоо таван саяар нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна.
Улмаар энэ зууны төгсгөл гэхэд Өмнөд Солонгост зөвхөн ахмад хүмүүс хөдөлмөр эрхлэх өндөр магадлалтай юм.
2072 он гэхэд БНСУ-ын хүн ам 36 сая болж буурах төлөвтэй байна | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.